0

Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалсан 1939 оны Халхын голын дайны ялалтын түүхтэй Дорнод аймагт батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах “Эх оронч-Монгол” сургалт, өдөрлөг зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнодчуудад цэргийн албаны шинэчлэл, хүний нөөцийн хөгжлийн бодлогын талаар мэдээлэл өглөө.
Онцгойлон, улс орон даяар II ээлжийн цэрэг татлага явагдаж байгаа энэ үед цэргийн албанд татагдсан хугацаат цэргийн алба хаагчиддаа англи хэл, жолооны курс, монгол бичгийн сургалтыг орохоос гадна хүсвэл нийгэмд эрэлттэй 10 орчим мэргэжлээр суралцах боломжтойг танилцуулсан юм.
ГБХНХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй тус хөтөлбөрт өнгөрсөн жил
цахилгаанчин, гагнуурчин, хүнд машин механизмын оператор зэрэг 7 мэргэжлээр 1400 гаруй цэрэг чадамжийн гэрчилгээтэй төгсөөд байна.
“Эх оронч-Монгол” сургалт, өдөрлөгийн хүрээнд батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг танилцуулах уулзалт, Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт багийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа үйлчилгээ, зэвсэглэл, цэргийн техникийн үзэсгэлэн, Монгол цэргийн түүх, эх оронч хүмүүжлийг сурталчлах арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.
▪️ Өдөрлөгт Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл, цэргийн алба хаагчид, Дорнод аймгийн иргэд оролцож байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.