0

Катарын Al Jazeera олон улсын телевиз Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар “Murder in Malaysia: Justice for Altantuya Shaariibuu” нэртэй 48 минутын баримтат кино бүтээжээ. Тус телевизийн эрэн сурвалжлах “101 East” нэвтрүүлгийн хүрээнд бэлтгэсэн уг бүтээлийг аравдугаар сарын 17-нд албан ёсны цахим хуудас болон YouTube сувагтаа нийтэлсэн байна.
Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэг 2006 онд Малайз улсад гарсан бөгөөд тухайн үед олон улсын анхаарлыг ихээхэн татаж байв. Тэрбээр Малайзын улс төр, батлан хамгаалахын салбартай холбоотой дуулиант хэргийн гол хүмүүсийн нэг болж, амь насаа алдсан юм.
Уг хэрэгт Малайзын тусгай хүчний цагдаагийн хоёр алба хаагч холбогдож, шүүхээс ял шийтгэл хүлээсэн. Гэвч хэргийн цаад шалтгаан, захиалагч байгаа эсэх болон улс төрийн нөлөө оролцсон байж болзошгүй гэх асуудлууд олон жилийн турш маргаан дагуулсаар ирсэн юм.
Al Jazeera-гийн “101 East” нэвтрүүлгийн баг уг хэргийг дахин сөхөж, мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шийдвэр болон шударга ёс тогтоох үйл явцтай холбоотой асуудлуудыг баримтат кинондоо хөнджээ. Мөн уг хэргийн эргэн тойронд үүссэн маргаан, хариуцлага хүлээх ёстой хүмүүсийн асуудлыг олон улсын үзэгчдэд хүргэхийг зорьсон байна.
Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэг нь Монгол, Малайзын олон нийтийн анхаарлыг олон жилийн турш татаж ирсэн бөгөөд түүний гэр бүлийнхэн шударга ёсыг тогтоолгохыг шаардан тэмцсээр байгаа юм.
Ийнхүү олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага уг хэргийг дахин хөндсөн нь Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн талаарх асуудлыг олон улсын түвшинд эргэн анхаарлын төвд оруулж байна.
Баримтат кино үзэх: https://www.youtube.com/watch?v=thiLADiwg9g
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.