0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байгаа билээ.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын (ХБНГУ) өнөөгийн Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер (Frank-Walter Steinmeier)-ийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэе.
Тэрбээр 2017 оны 3 дугаар сарын 19-нд Германы 12 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон албандаа орсон бөгөөд 2022 онд дахин таван жилийн хугацаатайгаар улиран сонгогдсон байна.
Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 1956 оны 1 дүгээр сарын 5-нд Германы Детмольд хотод мужааны гэр бүлд төржээ. Түүний ээж нь Силезиас (одоогийн Польшийн газар нутаг) дүрвэж ирсэн ажилчин ангийн хүн байв.
Тэрээр залуудаа хөлбөмбөгт маш их сонирхолтой, орон нутгийнхаа "TSV Brakelsiek" багт хагас хамгаалагчаар тоглодог, шаргуу нэгэн байжээ.

Ахлах сургуулиа төгсөөд 1974–1976 онуудад Германы зэвсэгт хүчинд (Бундесвер) хугацаат цэргийн алба хаасан ба цэргээс халагдсаныхаа дараа Гиссений их сургуульд хууль эрх зүй, улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж, улмаар 1991 онд хуулийн ухааны докторын (Dr. jur.) зэрэг хамгаалжээ.
Гэргий Элке Бюденбендертэйгээ их сургуульд хуулийн ангид суралцаж байхдаа танилцаж, 1995 онд гэрлэжээ. Түүний эхнэр мөн адил мэргэжлийн хуульч бөгөөд Германд захиргааны хэргийн шүүгчээр ажиллаж байсан. 2010 онд түүний эхнэр Элке Бюденбендерийн бөөрний дутагдал хүндэрч, амь насанд нь аюул тулгараад байв. Тэр үед Штайнмайер улс төрийн ажлаа түр хойш тавьж, өөрийн нэг бөөрөө эхнэртээ донор болгон өгсөн юм. Энэхүү үйл явдал нь Германы ард түмнийг төдийгүй дэлхий нийтийг бишрүүлсэн хайр, үнэнч байдлын илэрхийлэл болсон билээ. Штайнмайерын гэр бүл Германы улс төрийн хүрээнд хамгийн тогтвортой, нэр хүндтэй, бие биенээ дэмждэг үлгэр жишээ гэр бүлүүдийн нэгд тооцогддог.

Түүний улс төрийн замналын хувьд Германы Социаль Демократ Намын (SPD) нөлөө бүхий зүтгэлтэн юм. Ерөнхийлөгч болохоосоо өмнө Канцлер Герхард Шрёдерийн Тамгын газрын дарга (1999–2005), Ангела Меркелийн Засгийн газарт Гадаад хэргийн сайд (2005–2009, 2013–2017) болон Шадар сайдын (2007–2009) албыг тус тус хашиж байв.
Германы үндсэн хуулиар Холбооны Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн бөгөөд голчлон ёслолын болон төрийн төлөөллийн үүргийг гүйцэтгэдэг (Гүйцэтгэх засаглалыг Холбооны Канцлер удирддаг) бөгөөд улс орноо гадаадад төлөөлөх, хууль тогтоомжийг батламжлах, дипломат харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Түүний хувийн нийт хөрөнгийг ойролцоогоор 6 сая евро гэж баримжаалдаг. Энэхүү хөрөнгө нь түүний урт хугацааны улс төрийн замнал, өндөр албан тушаалууд (Гадаад хэргийн сайд, Тамгын газрын дарга, Ерөнхийлөгч гэх мэт)-ын хуримтлал, үл хөдлөх хөрөнгө болон бусад хувийн хөрөнгөөс бүрддэг. Тэрбээр Германы Социаль Демократ Намын (SPD) гишүүн бөгөөд хөрөнгө орлогын хувьд дундаж чинээлэг герман иргэдийн жишгээр амьдардаг, санхүүгийн элдэв дуулиан шуугианд холбогдож байгаагүй нэр хүнд цэвэр улс төрч юм.
Германы Ерөнхийлөгчийн сарын үндсэн цалин ойролцоогоор 23,000-аас 29,473 евро (жилийн 276,000 гаруй евро) байдаг. Үүн дээр албан тушаалын нөхөн олговор, зардлын мөнгө нэмж олгогддог байна. Мөн Германы хуулиар Холбооны Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж, албан тушаалаасаа буусныхаа дараа ч насан туршдаа энэхүү үндсэн цалингаа "Хүндэтгэлийн цалин" буюу Ehrensold тэтгэмж хэлбэрээр үргэлжлүүлэн авах эрхтэй байдаг.
Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2024 оны 2-р сард ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр манай улсад төрийн айлчлал хийж байв.
Уг айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай уулзаж байв.
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болсон төрийн айлчлалын үеэр нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Германы харилцааг ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэн, Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэх түүхэн ач холбогдолтой болж байлаа.
Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нар Монгол- Германы хамтарсан 38 дугаар сургууль, 147 дугаар цэцэрлэг, “Чингис хаан” үндэсний музей, “Мөнх” ХХК болон малчин айлд зочилж байв.

Энэ удаагийн хариу айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулав.
Тунхаглалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Бернхард Котч нар гарын үсэг зурав.
Хамтарсан тунхаглалаар хоёр улсын стратегийн түншлэлийг цаашид өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойллоо.
Талууд хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжиж буй “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль”-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих, анх удаа зохион байгуулж буй “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг” зэрэг санаачилгад тулгуурлан эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, монгол оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Түүнчлэн мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы тэргүүн туршлагыг нэвтрүүлж, Монгол Улсад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон уулын явган цэргийн чиглэлээр төрөлжсөн сургалтууд зохион байгуулахаар тохиролцов.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, ногоон эдийн засгийн шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад тэргүүлэх ач холбогдол өгөхөөр боллоо.
Түүнчлэн хоёр улсын иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах боломжийг судалж, энэ чиглэлээр яриа хэлэлцээг эхлүүлэх, Франкфурт ам Майн хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээхээр болсныг зарлалаа.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.