dobu.mndobu

Хятадад гурван настай охин 12 давхраас унах аюулд орж, аврагчид эсэн мэнд аварчээ

Хятадад гурван настай охин 12 давхраас унах аюулд орж, аврагчид эсэн мэнд аварчээ

БНХАУ-ын Фужянь мужийн Жанпин хотод гурван настай охин 12 давхрын цонхоор гарч, торноос толгой нь хавчуулагдан дүүжлэгдсэн байхад нь иргэд болон гал сөнөөгчид шуурхай ажиллан аварчээ. Уг хэрэг аравдугаар сарын 17-ны өглөөний 07:48 цагийн орчимд болсон бөгөөд бичлэг нь цахим орчинд тарж, олны анхаарлыг татаж байна.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, охин цонхны хамгаалалтын төмөр сараалжийг давж гарах үед толгой нь төмөр завсарт хавчуулагдсан тул унахаас тогтож үлджээ. Бичлэгт охин хоёр гараараа сараалжнаас зуурч, биеийнх нь бусад хэсэг 12 давхрын тагтны хашлагаас гадагш унжсан байдалтай харагдсан байна.

Тухайн үед охин гэртээ ганцаараа байжээ. Аав нь ажилдаа явсан бол ээж нь охиноо унтаж байхад хүнс худалдаж авахаар гарсан байв. Орон сууцны нэгэн оршин суугч охиныг цонхоор унжсан байхыг харж, зургийг нь байрны оршин суугчдын групп чатад илгээж, яаралтай тусламж хүссэн байна.

Дуудлагын дагуу хамгаалалтын ажилтнууд болон байрны ашиглалт, үйлчилгээний ажилтнууд шуурхай ирж, охины гэрийн доод давхрын айлд нэвтэрчээ. Тус айлын хоёр эрэгтэй тус тусын цонхоор тонгойж, сандал ашиглан охины биеийг доороос нь тулж өгсөн байна. Улмаар удалгүй ирсэн гал сөнөөгчид охиныг аюулгүй газарт татан гаргаж аварчээ.

Охиныг ойролцоох эмнэлэгт хүргэж, эрүүл мэндийн үзлэгт хамруулахад ноцтой гэмтэл бэртэл аваагүй нь тогтоогдсон байна. Энэхүү хэрэг нь бага насны хүүхдийг гэрт нь хараа хяналтгүй үлдээх болон цонх, тагтны аюулгүй байдлыг хангах шаардлагыг дахин санууллаа.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.