dobu.mndobu

Нөхөр нь эхнэрээ тэвэрч, өргөх үедээ зургаан хавиргыг нь хугалжээ

Нөхөр нь эхнэрээ тэвэрч, өргөх үедээ зургаан хавиргыг нь хугалжээ

ББНХАУ-ын Жянсу мужид нэгэн эмэгтэй нөхөртөө тэврүүлж, өргүүлэх үедээ зургаан хавиргаа гэмтээжээ.

Тодруулбал, энэ сарын 18-нд тус эмэгтэй нөхөртөө даарч байгаагаа хэлсэн байна. Улмаар нөхөр Ван эхнэрээ араас нь чанга тэвэрч, бага зэрэг өргөхөд эмэгтэй гэнэт хүчтэй өвдөлт мэдэрч, газар унан, босож чадахгүй болжээ.

Нөхөр Вангийн хэлснээр эхнэрээ тэврэх үед хугарах чимээ сонсогдсон байна. Эмнэлэгт хийсэн цээжний компьютер томографийн шинжилгээгээр эмэгтэйн таван хавирга хугарч, нэг хавирганд цууралт үүссэн нь тогтоогджээ.

Ван эхнэрээ гэмтээх санаа байгаагүй гэдгээ хэлж, болсон явдалд ихэд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Эмч нарын тайлбарласнаар хүнийг чанга тэвэрч, нэгэн зэрэг өргөх үед цээжний хөндийд жигд бус даралт үүсэж, хавирга гэмтэх эрсдэлтэй аж. Түүнчлэн тухайн эмэгтэйн ясны бат бөх байдал суларсан байсан нь гэмтэл авахад нөлөөлсөн байж болзошгүй гэж үзжээ.

Эмэгтэй өдөр бүр кофе уудаг, наранд төдийлөн гардаггүй бөгөөд яс сийрэгжилтийн шинж тэмдэг өмнө нь илэрч байсан тухайгаа ярьсан байна. Мөн удаан хугацаанд хатуу хоолны дэглэм баримталж байсан нь ясны эрүүл мэндэд нь нөлөөлсөн байж болзошгүй гэж мэдээлжээ.

Аз болоход түүнд мэс засал хийх шаардлага гараагүй бөгөөд эмийн эмчилгээ, өвдөлт намдаах наалт болон амралтын дэглэмээр эмчилсэн байна. Одоогоор гэртээ биеэ тэнхрүүлж, эмчийн хяналтад байгаа аж.

Эмч нар яс сийрэгжилт зөвхөн өндөр настнуудад тохиолддог өвчин биш гэдгийг анхааруулжээ. Кальцийн дутагдал, шим тэжээлийн тэнцвэргүй хооллолт, хэт хатуу дэглэм барих, нарны гэрэлд хангалттай гарахгүй байх зэрэг нь ясны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Иймээс мэргэжилтнүүд хайртай хүмүүсээ тэврэхээс татгалзах шаардлагагүй ч гэнэт хүчтэй өргөж, цээжийг нь хэт чанга шахахаас зайлсхийхийг зөвлөж байна. Мөн ясны эрүүл мэндээ хамгаалахын тулд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, тогтмол хөдөлгөөн хийх, шаардлагатай тохиолдолд эмчид үзүүлж, ясны нягтаа шалгуулах нь чухал юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.