dobu.mndobu

Ар “түүз” байхад айдасгүй байж болдгийг Дорноговийн Засаг дарга О.Батжаргал харуулж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-10-23

Ар “түүз” байхад айдасгүй байж болдгийг Дорноговийн Засаг дарга О.Батжаргал харуулж байна

Албан тушаалын ард хэн зогсдог, төрийн эрх мэдлийг хэний төлөө ашигладаг вэ гэдэг асуулт өдөр бүр бидний өмнө тавигдах боллоо. Тухайлбал, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай холбоотой дуулиан энэ асуултыг дахин сөхөхөд хүргэж байна. 

Дорноговь аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал 2020 оны арваннэгдүгээр сард албан тушаалдаа томилогдож, 2024 оны аравдугаар сард дахин томилогдсон. Эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай хэмээн намтарт нь бий. Ямартай ч тэр хууль дээдлэх, төрийн албаны хариуцлагыг чанд сахих нь мэргэжлийн төдийгүй албан тушаалын үндсэн шаардлага байх учиртайг маш сайн мэдэх учиртай.

Гэвч Дорноговь аймгийн Засаг даргын албан тушаал, уул уурхайн компаниудын хандив, улс төрийн нөлөөлөл зэрэг ноцтой асуултууд хариулт нэхэж эхэлжээ. 

Засаг дарга О.Батжаргалыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн хайгуул, олборлолтын компаниудын удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудаас хандив нэрээр мөнгө нэхэж авсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1 буюу  "Эрх мэдэл, албан тушаалын байдал, урвуулан ашиглах" гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар АТГ мэдэгдсэн.

Дорноговийн “ван” гэгдэх Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан түүнийг аймгийн Засаг даргаар томилуулсан арын нууц ноёнтон гэгддэг. Тиймээс “Сайдын баруун гар” хэмээн нэрлэдэг талаар нутгийнхан нь ярьдаг. Тийм ч учраас орон нутгийн удирдлагын хуулийн байгууллагад шалгагдаж буй асуудал нь орон нутгийн засаглалын асуудал болон цар хүрээгээ тэлээд байгаа аж. 

“Дээгий сайдын ивээлд байхад хэр баргийн хүн алзахгүй” гэж нутгийнхан нь ярьдаг юм байна. Тиймээс өөрийн томилсон хүнээ явуулах, авч үлдэх нь Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы шийдэх асуудал гэсэн үг. 

УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Б.Энхмөнх “Дэлгэрсайхангүй Батжаргал гэж байхгүй! Авлигатай тэмцэх газрынхан Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалыг баривчилсан гэх юм. Уг нь бол О.Батжаргалыг биш Б.Дэлгэрсайханыг баривчлах ёстой юм биш үү. О.Батжаргал хууль давж гишгэсэн бол тэр зөвхөн Б.Дэлгэрсайханы тушаал заавраар хөдөлсөн байх өндөр магадлалтай. Б.Дэлгэрсайхангүй О.Батжаргал, О.Батжаргалгүй Б.Дэлгэрсайхан гэж байхгүй. Байх ч боломжгүй л юм гэдэг шүү. Зам тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайханд Дорноговь аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал хэрэггүй болсон юм байна гэж ойлголоо. Тиймдээ өнөөдөр О.Батжаргал Засаг дарга баривчлагдаад явах шиг боллоо…” хэмээн өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлсэн. 

Засаг дарга О.Батжаргал хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөртэй нь холбоотой мэдээлэл цацагдсанаас хойш албан өрөөгөөрөө үзэгдэхээ больсон талаар эх сурвалжууд мэдээлэл өгч байв. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аравдугаар сарын 12-нд Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэртэй танилцсан. АТГ-т шалгуулж эхэлснээсээ хойш үзэгдэхээ болиод байсан Засаг дарга О.Батжаргал гэнэт тэнд гарч ирсэн гэнэ. Түүнээс хойш албан өрөөгөөрөө тухлах болж, айдгаа авдартаа хийсэн байх хэмээн ярих болжээ. 

Ар нь “түүз” байхад айх айдас хэрэггүй гэдгийг Дорноговийн Засаг дарга О.Батжаргал өөрийн биеэр үзүүлж буй. Гэхдээ Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өөрийн баруун гар О.Батжаргалаас болж улс төрийн карьер, сайдын суудлаасаа бууж ч магадгүй нөхцөл байдлууд цаашид үүсэж магадгүй талаар ам уралдан ярьж эхлээд байна. Тиймээс Б.Дэлгэрсайхан сайд хууль хяналтын байгууллагыг давуулж О.Батжаргалаа гишгүүлэх үү, хуулийн хүрээнд учраа олог гээд үлдээх үү гэдгийг харах л үлдлээ. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.