dobu.mndobu

Увс аймагт цасан шуурганаар малдаа яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг 12 дахь өдрөө эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганаар малдаа яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг 12 дахь өдрөө эрэн хайж байна

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг дэвсгэрт байрлах “Машийн ам” гэх газраас сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа өнөөдөр буюу аравдугаар сарын 26-ны өдөр 12 дахь хоногтоо үргэлжилж байна.

Тус эмэгтэй энэ сарын 15-ны өглөө цасан шуурганы үеэр малдаа яваад сураггүй болжээ. Түүнийг эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, орон нутгийн удирдлага, мэргэжлийн анги, ар гэрийнхэн болон нутгийн иргэдээс бүрдсэн 100 гаруй хүн оролцож байна. Мөн эрэлч нохой, нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон, туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгслийг дайчлан ажиллаж байгаа аж.

Эрлийн багийнхан өчигдөр буюу аравдугаар сарын 25-ны өдрийн 08:00 цагаас хоёр бүлэгт хуваагдан хайгуул хийжээ. Нэгдүгээр бүлэг сураггүй болсон эмэгтэйн гэрээс баруун болон баруун урд зүгт, эрлийн багийн гишүүд хоорондоо 15 метрийн зайтай нэг эгнээнд жагсаж, хоёр километрийн өргөнтэй зурвасаар нийт 12 километр газарт самналт хийсэн байна. Энэ үеэр “Шилийн хар толгой”, “Суурин буйр” гэх газрууд хүртэл явж, замд таарсан өвөлжөө, хаваржаануудыг нэг бүрчлэн шалгажээ.

Харин хоёрдугаар бүлэг гэрийн зүүн урд талаас баруун урд чиглэл хүртэлх бүс нутаг, гуу жалга, уулын хавцлуудыг дроны тусламжтайгаар агаараас тандан шалгасан ч тухайн өдөр үр дүнд хүрээгүй байна. Үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас эрлийн ажиллагааг 19:48 цагт түр зогсоож, өнөөдөр өглөөний 08:00 цагаас дахин эхлүүлжээ.

Эрлийн ажиллагаа хад асга ихтэй, уулархаг газар явагдаж байгаа бөгөөд зарим хэсэгт цас 40-50 сантиметр зузаан тогтсон нь хайгуул хийхэд хүндрэл учруулж байгаа аж.

Байгаль, цаг уурын хүнд нөхцөлд үргэлжилж буй эрлийн ажиллагаанд оролцогчид сураггүй болсон эмэгтэйг олохоор ажиллаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.