dobu.mndobu

Харийн нутагт давчдахгүй байна уу, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар аа

Харийн нутагт давчдахгүй байна уу, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар аа

“Элстэй толгод минь зүүдлэгдээд байна

Ээж минь торойтол харагдаад байна

Эвэртэй алга нь бодогдоод байна

Энгэрийнх нь үнэр санагдаад байна

 

Үүлс тэнүүчилсэн тал минь байна

Өвс нь бидэртэж салхилаад байна

Өндрийн оройд жавартай байна

Өөвийж харуулдах нь аав минь байна

 

Харийн нутаг давчдаад байна

Харсан зүгтээ давхимаар байна 

Хатуу дарсыг тулгамаар байна

Хашгирмаар, дуулмаар, уйлмаар байна... хэмээн харьд суугаа залуус элэг зүрхээ эмтлэн “Хариас дуулсан дуу” хэмээн энэхүү бүтээлийг нүдэндээ нулимстай дуулдаг билээ. 

Тийм ээ, эх орноосоо хол алсад суугаа монголчуудын зүрхний хөг эгшиг энэ юм. Авааль гэргий, аав, ээж, үр хүүхэд гээд зүрхэнд ойрхон бүхнээ эх орондоо үлдээгээд амьдрахын эрхээр тэд хүний нутагт ийнхүү гуниглан суугаа хүмүүс олон. 

Тэгвэл төрийн өндөр албан тушаал хашиж байгаад асуудалд холбогдсон хүмүүс сайн дураараа эх орноосоо зугтах болов. Тухайлбал, "Хэро интертайнмент" ХХК-ийн гүйцэтгэх захирал, найруулагч Б.Баатарыг аравдугаар сарын 2-ны өдөр АТГ-аас саатуулсан байдаг. МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ харин маргааш нь харь орныг зорьсон гэх мэдээлэл бий. Монгол Улсын Төрийн гурван өндөрлөгийн нэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан тэрбээр Ерөнхий сайдын суудлаас бууснаас хойш эх орондоо төдийлэн байгаагүй. Түүн дээр хэд хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг нээсэн гэж яригддаг ч өнөөдөр шийдэгдсэн зүйл алга. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. 

Иргэн Л.Оюун-Эрдэнэ хаана хэдийгээр хугацаагаар суух нь бидэнд төдийлэн хамаатай бус. Харин Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайдаар дөрвөн жил гаруй ажилласан хүн харь улсад удаан хугацаагаар байх нь зөв үү. Түүний албан тушаалтай байх үедээ олж авсан мэдээлэл, Төрийн нууцаас эхлээд бүх зүйл харь оронд байна гэсэн үг. Үндэсний аюулгүй байдал талаасаа бодсон ч яав ч зөвтгөх боломжгүй. 

Засгийн газрын “5Ш” ажиллагааг эхлүүлж, өөрөө гүйцэтгэх ажилд оролцож явсан Х.Нямбаатар өнөөдөр “Канад шувуу” болчихсон харь улсад байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт дамжин Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байгаад суудлаасаа буунгуутаа Канад руу гарсан. 

Түүнийг Хотын даргаар ажиллаж байх хугацаанд хэрэгжсэн томоохон төслүүдийг хууль хяналтын байгууллагаас шалган эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Ямартай ч өөрийгөө асуудалтай гэж мэдсэнийх үү, хэлмэгдүүлэх гэж байна гэж бодсоных уу Канад улсаас монголчуудыг загнах боллоо. 

Иргэдийн зүгээс эх орондоо ирж хуулийн байгууллагаар зөв, буруугаа дэнслүүл гэсэн бол “Хэзээ монголд очихоо би өөрөө хэлнэ” хэмээн цахим хуудсаараа омогдсон. Гэтэл өнгөрөгч амралтын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хөрөнгө орлогоо нотолтол монголд очихгүй гэх утга бүхий зүйл ярьчихав. Едрөнхийлөгчийн Хэвлэлийн албанаас өөрт нэр холбогдсон гэх обьектууын талаар ярьсан. Нэр холбогдсон зүйлстэй хамааралгүй гэдгийг нь шүүх тогтоосон талаар мэдээлсэн. Тэгэхээр шүүхээр хамааралгүй гэсэн өмчийг Х.Нямбаатар өөрийнх мөн гэж нотлохгүй тохиолдолд Монголд мөд ирэхгүй ээ, гэсэн үг болж таарах нь. Ийм нэг бантан улс төрд өрнөж байна. 

Монгол залуус ар гэрээ тэжээх гэж харь орныг зорьдог бол улс төрийн өндөр албан тушаалтнууд хуулийн байгууллагаар шалгуулах болохоор зугтдаг ийм нэг жишиг улс төрд бий болсон. Эцэст нь “Харийн нутагт давчдахгүй байна уу, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар аа” хэмээн асуумаар байна. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.