0

МАН-ын Шударга гишүүд, дэмжигчдийн холбооноос өнөөдөр (2026.10.26) МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Энэ талаар тус холбооны тэргүүн П.Баярхүү "МАН сүүлийн 10-аад жил Засгийн эрх барьж байгаа. МАН-ын шударга гишүүд нь тойргийн гадна гарч, намын мерит зарчмаар явах үндсэн зохицуулалт алдагдсанаас болж, МАН-ын нэр хүнд маш их уналаа. МАН засаглаж чаддаг нам байсан. Гэтэл өнөөдөр засаглаж чадахаа болилоо. Энэ бол МАН-ын боловсон хүчний бодлого алдагдсантай холбоотой. Тийм ч учраас нийгэмд авлига, хээл хахуулийн хэрэг маш их гарч байна. Авлигын хэмжээг бүр тэрбум, их наядаар ярьдаг боллоо. Үүнд МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид маш их эмзэглэж байна.
Иймээс намын дарга Н.Учралд шаардлага хүргүүлж байгаа юм. Энэ шаардлагыг Ерөнхий сайд асан Г.Занданшатарт мөн гардуулна. Учир нь, хэдхэн хоногийн өмнө реформ клуб байгуулагдсан. Энэ клубт манай холбоо Г.Занданшатарыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Түүний шударга бус зүйл, авлигын эсрэг хийх тэмцлийг нь дэмжинэ" гэлээ.
Тэдний шаардлагад:
МАН хулгайтай эвлэрэхгүй, хулгайчтай наймаалцахгүй гэдэг зарчмыг баримтлан авлига албан тушаалын гэмт хэргээ улс төрийн тохиролцооны хэрэгсэл болгон наймаалцах гэсэн хүмүүсийг хууль ёсны хяналт шалгалтаас зайлсхийхийг хүлээн зөвшөөрөхгүй байх ёстой. Иймээс ард түмний итгэлийг бодитоор сэргээхийн тулд дараах гурван шаардлагыг нэн даруй хэрэгжүүлэхийг уриалж байна.
Нэг. Хуулиар хамгаалагдсан эрхийг саармагжуулах. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийн ард нуугдаж, намын эв нэгдэл, улс төрийн тохиролцоо гэх нэрийн дор хууль бус үйлдлээ хаацайлан наймаалцах, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах гэсэн оролдлогыг шууд таслан зогсоох ёстой.
Хоёр. Авлигачдад хариуцлага тооцох. Авлигын эсрэг хууль болон эрүүгийн хуульд заасан албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, буруутай нь тогтоогдсон этгээдийг намаас түдгэлзүүлэх. Намын удирдлага хийгээд улс төрийн болон төрийн албан тушаалд дахин хэзээ ч томилохгүй байх.
Гурав. Томилгоо хийхдээ шилэн болон мерит зарчмыг баримтлах. Төрийн албыг авлигаар зардаг, шахааны болон дарга дагасан томилгоог эцэслэн зогсоож, шат шатны томилгоог намын гишүүд болон олон нийтийн хяналт дор нээлттэй явуулах. Мэргэшсэн алба хаагчдыг улс төрийн үзэмжээр халдаг байдлыг таслан зогсоох. Эдгээрийг яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж байна гэжээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Ард түмэн МАН-аас шударга ёсыг л хүлээж байна. Бүгд авлига авсан гээд л нийгмээрээ ярьдаг, хууль хүчний байгууллага хэрэг үүсгээд шалгадаг. Гэвч бодитоор хариуцлага тооцож байгаа нь нэг ч алга. Тиймээс ард түмэн маш их бухимдалтай байна. Үүнийг дагаад улсын эдийн засаг элгээрээ хэвтэж байна. Эдийн засгийг өөд нь татах нь МАН-ын хийх хамгийн том ажил. Энэ ажил авлига албан тушаалын хэрэг хийсэн хүмүүст хариуцлага тооцож, шударга ёсыг тогтоохоос эхэлнэ.
Намын жагсаалтаар орсон шинэ гишүүдэд энэ асуудал маш их хамаатай. Учир нь, тэд анх УИХ-ын гишүүн болгосон даргынхаа үгээр явж байгаа нь маш буруу. Хүнд өөрийн гэсэн үзэл бодол, зарчим байх ёстой. Улс, эх орон, ард түмнийхээ төлөө шударгаар ажиллана гэж сонгогдсон гишүүд томилсон эзэндээ үйлчилж байгаа нь шударга бус байна" гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.