0

БНСУ-ын Чүннам мужийн Дангжин хотод 14 давхар орон сууцны гадна хананд ажиллаж байхдаа унах аюулд орсон ажилтны амийг Монгол залуу аварчээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн Батбаярын Занданбат нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд эсрэг талын орон сууцанд нүүлгэлтийн ажил хийж байхдаа хүний тусламж хүссэн дууг сонссон байна. Тэрбээр цонхоор харахад 14 давхрын гадна хананд хамгаалалтын бүс нь тасарсан нэгэн ажилтан дүүжлэгдэн, унах аюулд орсон байжээ.
Ингээд Б.Занданбат ажлаа нэн даруй зогсоож, тухайн хүнийг аврах боломжтой орон сууц руу гүйн очсон байна. Эхэндээ байрны хаалга онгойхгүй байсан ч тусламж хүссээр дотогш нэвтэрч, тагтан дээрээс аюулд орсон ажилтанд гараа сунгажээ.
Аврах ажиллагааны үеэр нөгөө ажилтны нэг гар гадна төхөөрөмжид тээглэсэн, айснаас болж барих хүч нь суларсан байв. Харин Б.Жанданбат түүнийг нэг гараараа барьж, урам зориг өгсөөр байжээ.
Тэрбээр солонгос хэлээр “Надад итгээрэй. Би таныг татаж гаргана” хэмээн дахин дахин хэлж, эцэст нь тухайн хүнийг эсэн мэнд аварсан байна.
Аврагдсан ажилтан долоо хоногийн дараа түүнтэй дахин уулзаж, амийг нь аварсанд талархал илэрхийлжээ.
Монгол Улсаас БНСУ-д ирээд долоон жил болж буй Б.Занданбат одоо нүүлгэлтийн компанид багийн ахлагчаар ажилладаг аж. Түүний энэхүү баатарлаг үйлдэл ослоос хойш бараг нэг жилийн дараа иргэний мэдээллийн дагуу дахин олны хүртээл болжээ.
Тэрбээр болсон явдлын талаар ярихдаа, аюулд орсон хүнийг хараад зүгээр өнгөрч чадаагүй гэдгээ онцолсон байна. Мөн тухайн хүн солонгос эсвэл монгол хүн байх нь хамаагүй, аюулд орсон хэнийг ч байсан аврахын тулд туслах байсан хэмээн ярьжээ.
БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол залуугийн хүнлэг, зоригтой үйлдлийг БНСУ-ын хэвлэлүүд онцлон мэдээлсэн байна.
Эх сурвалж: БНСУ-ын Maeil Newspaper, Yonhap News Agency
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.