0

БНСУ-ын иргэн эрэгтэй унтаж байсан Тайланд эхнэрийнхээ нүүр, хүзүү рүү буцалсан ус асгаж, хүнд түлэгдэлт учруулсан хэргээр анхан шатны шүүхээс гурван жил зургаан сарын хорих ял сонссон ч давж заалдах шатны шүүх ялыг нь зургаан сараар бууруулж, гурван жилийн хорих ял оноожээ.
Тодруулбал, 40 орчим насны эрэгтэй 2025 оны арванхоёрдугаар сарын 3-нд Кёнги мужийн Үйжонбу хот дахь гэртээ унтаж байсан Тайланд эхнэр Б-гийнхээ нүүр, хүзүү рүү буцалгасан ус асгаж, түлэгдэлт үүсгэсэн хэрэгт холбогджээ.
Уг хэрэг хохирогч эмэгтэйг Сөүл хотын түлэгдэлтийн төрөлжсөн эмнэлэгт эмчлүүлж байх үед эмнэлгийн байгууллагаас цагдаад мэдээлснээр ил болсон байна. Тухайн үед хохирогчийн тал нөхөр нь өөр хүнтэй уулзаж, учруулахгүйн тулд эхнэрийнхээ царайг зориуд гэмтээхийг хүссэн гэж мэдүүлжээ.
Харин цагдаагийн байцаалтын үеэр нөхөр нь уг хэргийг үгүйсгэж, өөрөө унахдаа санамсаргүйгээр буцалсан ус асгасан хэмээн тайлбарласан байна. Гэвч шүүх хурлын үеэр хэргээ хүлээн зөвшөөрч, өршөөл үзүүлэхийг хүсжээ.
Энэ оны зургаадугаар сард анхан шатны шүүх түүнд гурван жил зургаан сарын хорих ял оноосон нь прокуроруудын хүссэн гурван жилийн ялаас ч илүү байв. Шүүх ялыг тогтоохдоо хэргийн онцгой хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн байна.
Харин аравдугаар сарын 22-нд болсон давж заалдах шатны шүүх хурлаар Үйжонбу дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр хэлтэс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ялыг гурван жил болгон бууруулжээ.
Шүүхээс ийнхүү шийдвэрлэхдээ шүүгдэгч хохирогчтой 15 сая вон буюу ойролцоогоор 11 мянган ам.долларын нөхөн төлбөр олгох нөхцөлөөр тохиролцсон, мөн хохирогч шүүхээс нөхөртөө өршөөл үзүүлэхийг хүссэн зэргийг харгалзан үзсэн байна.
Давж заалдах шатны шүүхийн тайлбарт дурдсанаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон бүх нөхцөл байдлыг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс оноосон ял хэтэрхий хатуу байсан гэж үзжээ.
Ийнхүү эхнэртээ санаатайгаар хүнд түлэгдэлт учруулсан эрэгтэйн хорих ялыг зургаан сараар бууруулж, прокуроруудын анх хүссэн гурван жилийн ялтай тэнцүүлсэн байна.
Эх сурвалж: The Korea Times, Hankook Ilbo
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.