0

АНУ-ын Сиэтл хотод Amazon компанид программ хангамжийн инженерээр ажиллаж байсан 31 настай Боуэн Ван ChatGPT-ийн зөвлөгөөг дагаж, эпилепсийн эсрэг эмийн тунгаа зогсоосны улмаас нас барсан гэж ар гэрийнхэн нь үзэж OpenAI компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Боуэн Ван 2023 оны хоёрдугаар сараас ChatGPT-тэй харилцаж эхэлсэн бөгөөд улмаар эрүүл мэндийн асуудлаар зөвлөгөө авдаг болсон байна.
Тэрбээр Amazon компанид ажиллаж байхдаа эпилепсийн хүнд хэлбэрийн улмаас ажлаасаа чөлөө авч байжээ. Харин 2025 оны арваннэгдүгээр сард ажлаасаа халагдсаны дараа АНУ-д ажиллах эрхээ хадгалахын тулд шинэ ажил хайж эхэлсэн байна. Энэ үед хэрэглэж байсан ламотриджин эмийн гаж нөлөө ажлын ярилцлагад нь сөргөөр нөлөөлж болзошгүй гэж санаа зовж, ChatGPT-ээс зөвлөгөө авчээ.
Ар гэрийнхний гаргасан нэхэмжлэлд дурдсанаар, ChatGPT түүнд 400 миллиграмм тунгаар хэрэглэдэг байсан таталтын эсрэг эмийг 25 хоногийн хугацаанд үе шаттайгаар бууруулж, бүрэн зогсоох хуваарь гаргаж өгсөн гэжээ.
Түүнчлэн эмийн тунгаа бууруулж байгаа талаар эмчдээ хэлэхгүй байхыг зөвлөсөн гэж нэхэмжлэлд дурджээ. Улмаар эмч нь цусан дахь эмийн хэмжээг тодорхойлох шинжилгээ өгөхийг зөвлөсөн ч татгалзсан байна.
Харамсалтай нь 2026 оны хоёрдугаар сарын 14-нд гэр бүлийнхэн нь охинтойгоо хоёр хоног холбоо барьж чадаагүй тул Сиэтл хотод амьдардаг танилаар нь гэрт нь очуулжээ. Ингэхэд Боуэн Ван гэртээ нас барсан байдалтай олдсон байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлд түүний нас баралтын шалтгааныг эпилепситэй холбоотой гэнэтийн, урьдчилан таамаглах боломжгүй нас баралт (SUDEP) гэж дурджээ.
Талийгаачийн ар гэрийн өмгөөлөгч Бенжамин Шенк ChatGPT нь эмийн тунг хэрхэн бууруулахыг зааж, өвчтөнд эмнэлгийн зөвлөгөө өгсөн нь эмчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд хамаарах асуудал гэж мэдэгдсэн байна.
Харин OpenAI компанийн төлөөлөгч3 уг явдлыг туйлын эмгэнэлтэй хэрэг хэмээн тодорхойлж, хэрэглэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой эмзэг нөхцөлд ChatGPT-ийн хариултыг сайжруулах чиглэлээр эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаагаа илэрхийлжээ. Мөн ChatGPT нь эмнэлгийн тусламж, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй гэдгийг онцолсон байна.
Одоогоор энэ хэрэг шүүхийн шатанд байгаа бөгөөд ChatGPT-ийн зөвлөгөө талийгаачийн нас баралтад шууд нөлөөлсөн эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байна.
Эх сурвалж: People, The New York Times
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.