0

Куала-Лумпур–Ташкент чиглэлийн олон улсын нислэгийн үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн ОХУ-ын иргэн онгоцны багийн гишүүд болон зорчигчдыг хэл амаар доромжилж, танхайрсан хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 5-ны өдөр “Uzbekistan Airways” компанийн HY-552 дугаартай нислэгээр зорчиж явсан ОХУ-ын 36 настай В.К. гэгч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Улмаар тэрбээр онгоцны үйлчлэгчээс дахин согтууруулах ундаа шаардсан боловч аюулгүй байдлын үүднээс үйлчлэгч түүнд үйлчлэхээс татгалзсан байна.
Үүний дараа зорчигч уурлаж, онгоцны үйлчлэгчдийг хэл амаар доромжлон, бусад зорчигчид руу дайрч, нислэгийн үеэр бүхээг дотор эмх замбараагүй байдал үүсгэжээ.
Онгоц Ташкент хотын олон улсын нисэх буудалд газардсаны дараа цагдаагийн алба хаагчид бүхээгт нэвтэрч, түүнийг буулгахыг шаардсан ч согтуу эр хууль сахиулагчдын шаардлагыг биелүүлэхээс татгалзан эсэргүүцэл үзүүлсэн байна.
Тэрбээр онгоцноос буух шат руу явж байхдаа гар тээшний хар өнгийн чемоданаа шатнаас шидэж, асфальтан дээр унасных нь дараа нисэх буудлын ажилтнуудын нүдэн дээр өшиглөж, дахин танхайрсан нь дүрс бичлэгт үлдэж, цахим орчинд тархжээ.
Уг хэргийг Ташкент хотын Сергели дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хэлэлцээд, ОХУ-ын иргэн В.К.-г “Жижиг танхайрал үйлдсэн”, “Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэх үндэслэлээр долоо хоногийн хугацаагаар захиргааны журмаар баривчлах шийтгэл ногдуулсан байна.
Мөн 440 мянган узбек сум буюу ойролцоогоор 36.59 ам.долларын торгууль ногдуулжээ.
Шүүх хурлын үеэр В.К. өөрийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч, гаргасан үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.