0

Монгол Улс мал сүргийнхээ ашиг шимийг эдийн засгийн тулгуур, үндэсний баялгийн ундарга гэж үздэг. Тэр дундаа мах бэлтгэлийн явцад гардаг арьс, ширэн түүхий эд нь дотоодын хөнгөн үйлдвэрлэлийн гол тулгуур бөгөөд монгол хүний хөдөлмөр шингэсэн, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болох учиртай үнэ цэнтэй баялаг юм.
Манай улсад жилд дунджаар 12-14 сая ширхэг арьс, шир бэлтгэгддэг. Дотоодын үйлдвэрүүд хагас боловсруулалтаар 18.0 сая, гүн боловсруулалтаар 2.5 сая ширхэг түүхий эд хүлээн авах суурилагдсан хүчин чадалтай хэдий ч өнөөг хүртэл үйлдвэрийн хүчин чадлын ашиглалт хагас боловсруулалтад 33.8 хувь, гүн боловсруулалтад 68.6 хувьтай байна.
Монгол малын арьс шир чанарын хувьд өндөр үнэлэгддэг ч олон улсын хорио цээрт малын өвчлөл, паразитын гэмтэл, нядалгааны үеийн механик урагдал, мал төхөөрөхдөө исгэх, буруу хадгалалтаас шалтгаалан үйлдвэрийн дамжлагад очихоосоо өмнө чанар нь муудаж, үнэгүйдэх, улмаар дулааны улиралд хог дээр хаягдах байдал тулгарсаар ирсэн. Энэ нь бүтээгдэхүүний ашигтай талбай, гарц, экспортын үнэлгээг бууруулах гол шалтгаан болдог байна.
”АРЬС ШИР-БАЯЛАГ” ХӨТӨЛБӨРИЙН ЭХЛЭЛ БА ШУУД ҮР ДҮН
Дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хаягдал түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, стандарт хангасан нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны А/253 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Арьс шир-Баялаг” хөтөлбөрийг өнгөрсөн зургадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Туршиц хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд, Хангайн бүсийн Архангай, Хойд бүсийн Хөвсгөл аймгийг хамруулав. Хөтөлбөрийн үндсэн үзэл санаа нь түүхий эдийг орон нутагт стандартын дагуу бэлтгэн, бүртгэлжүүлж, Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан үндэсний боловсруулах үйлдвэрүүдэд тогтвортой, ил тод нийлүүлэх нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд дулааны улиралд нийт 32,396 ширхэг арьс, ширийг (хонины нэхий 23,343, үхрийн шир 9,053 ширхэг) орон нутгаас худалдан авч, түүхий эд боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэн эдийн засгийн эргэлтэд орууллаа. Үүний үр дүнд 160.5 сая төгрөгийн шууд борлуулалт хийгдэж, өмнө нь хаягдаж байсан түүхий эдийг үйлдвэрлэлд ашиглах боломж нэмэгдэв.
ДЭД БҮТЭЦ, ХАМТЫН АЖИЛЛАГАА БА ЧАНАРЫН АХИЦ 33-88.2 ХУВЬД ХҮРЭВ
Ажлын хэсгээс хөтөлбөрийн хүрээнд Архангай аймагт 9, Хөвсгөлд 8, Сүхбаатарт 10, Хэнтийд 7, Дорнод аймагт 5, нийт 39 мал нядалгааны болон мах боловсруулах үйлдвэр, хоршоотой арьс, ширэн түүхий эд бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн түүхий эдийг төвлөрүүлэн бэлтгэх, хадгалах зорилгоор хувийн хэвшлийн агуулахад түшиглэсэн 5 бэлтгэлийн цэгийг ажиллуулж байна.
2026 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарын 09-ний хооронд зорилтот 5 аймгаас дотоодын 4 боловсруулах үйлдвэрт түүхий эд нийлүүлэгдлээ.
• Архангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас нийт 13,469 ширхэг үхрийн ширийг хэрэгцээлснээс 9,053 ширхэг буюу 67.2 хувийг худалдан авч, 90.5 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Аймгаар авч үзвэл Дорнодоос 4,410 ширхэг (92.7%), Сүхбаатараас 1,745 ширхэг (87.3%), Хэнтийгээс 1,778 ширхэг (40.4%), Архангайгаас 1,120 ширхэг (48.3%) шир худалдан авчээ.
• Архангай, Хөвсгөл аймгаас нийт 72,786 ширхэг хонины нэхийг хэрэгцээлснээс 23,343 ширхэг буюу 32.1 хувийг худалдан авч, 70 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үүнээс Архангайгаас 11,300 ширхэг (30.4%), Хөвсгөлөөс 12,043 ширхэг (33.8%) нэхий худалдан авчээ.
Үйлдвэрүүдээс ирүүлсэн мэдээллээр нийлүүлэгдсэн түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн болсон хувь “Мон-Ирээдүй” ХХК-д 91.9, “Дархан Нэхий” ХК-д 90.0, “Их-Эргэлт” ХХК-д 86.8, “Булигаар” ХК-д 84.1 хувьтай гарсан байна.
2025 онд нийлүүлэгдсэн арьс, ширний дөнгөж 33.0 хувь нь үйлдвэрлэлд тэнцдэг байсан бол хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш түүхий эдийн чанар сайжирч, 2026 онд энэ үзүүлэлт 88.2 хувьд хүрч, 55.2 пунктээр нэмэгдсэнийг мэргэжилтнүүд тогтоогоод байна.
САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ
Хөтөлбөрийн хүрээнд салбарын хүний нөөцийг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Мал эмнэлгийн ерөнхий газар, судалгаа хөгжлийн байгууллага, мэргэжлийн холбоод болон үйлдвэрлэгчид хамтран 2026 оны 6 дугаар сард зорилтот 5 аймагт арьс, ширэн түүхий эдэд чанарын хамгаалалт хийх практик сургалтыг зохион байгууллаа. Мөн 7 дугаар сард Хөдөө аж ахуйн биржийн таваар судлаач мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт явагдсан байна.
Чанарын хамгаалалтыг анхан шатанд нь сайжруулах зорилгоор Хөдөө аж ахуйн биржээс 200 тонн давсыг орон нутагт нийлүүлж, арьс ширийг эх үүсвэр дээр нь хамгаалах, анхан шатны боловсруулалт хийх ажилд үр дүнтэй зарцуулж байна.
Сургалтад оролцогчид малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого, Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа, дуудлага худалдааны зарчим, “Багцын гэрээ” системийн ашиглалт болон түүхий эдийн анхан шатны боловсруулалтын талаар нэгдсэн мэдлэг авч, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцав. Түүнчлэн, түүхий эдийн арилжаанд оролцох брокеруудыг бэлтгэх зорилгоор “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-иас 2026 оны 10 дугаар сард мэргэшсэн брокерын эрх олгох сургалтыг зохион байгууллаа.
Судалгааны дүнгээр 2026–2027 оны өвлийн улиралд улсын хэмжээнд хөлдөөсөн байдлаар нийт 9.6 сая гаруй ширхэг арьс, ширийг бэлтгэн эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой байна. Үүнд:
• Хонины нэхий: 4.5 сая ширхэг
• Ямааны арьс: 3.8 сая ширхэг
• Үхрийн шир: 784.4 мянган ширхэг
• Адууны шир: 576.2 мянган ширхэг тус тус болно.
Энэхүү нөөцийг бүрэн ашигласнаар дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийн хангамж тогтворжиж, хаягдал түүхий эдийн хэмжээ буурах юм. Улмаар малчид, хоршоодын орлого өсөж, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодит нөхцөл бүрдэнэ.






Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.