dobu.mndobu

2027-2028 оны хичээлийн жилээс 6-7 дугаар ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулна

2027-2028 оны хичээлийн жилээс 6-7 дугаар ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулна

Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол хөтөлбөрийг үе шаттай өргөжүүлж, 2027-2028 оны хичээлийн жилээс 6, 7 дугаар ангийн сурагчдыг хамруулахаар төлөвлөжээ.

Одоогоор тус хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа бөгөөд 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн 717 сургуульд суралцаж буй нийт 739,982 хүүхдийн 341,083 нь үдийн хоолны үйлчилгээ авчээ. Энэ нь нийт сурагчдын 47.2 хувьтай тэнцэж байна.

УИХ-ын 2026 оны 28 дугаар тогтоолоор үдийн хоолны үйлчилгээг үе шаттай өргөжүүлэх чиглэл өгсөн бөгөөд үүний дагуу 6-7 дугаар ангийн сурагчдыг 2027-2028 оны хичээлийн жилээс, 8-9 дүгээр ангийн сурагчдыг 2028-2029 оны хичээлийн жилээс, 10-12 дугаар ангийн сурагчдыг 2029-2030 оны хичээлийн жилээс тус тус хамруулахаар тусгажээ.

6, 7 дугаар ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулахад 2027 онд нийт 87 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр уг зардалд 50 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгах саналыг дэмжжээ.

Ийнхүү үдийн хоол хөтөлбөрийг үе шаттай өргөжүүлснээр ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдыг сургуулийн орчинд шим тэжээлтэй, чанартай хоол хүнсээр хангах боломж нэмэгдэх юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.