dobu.mndobu

"Харилцан хүндэтгэе" аяны хүрээнд жендэрийн үндэсний хорооноос сургалт зохион байгуулав

"Харилцан хүндэтгэе" аяны хүрээнд жендэрийн үндэсний хорооноос сургалт зохион байгуулав

Жендэрийн Үндэсний хорооноос улс орон даяар өрнүүлж байгаа “Харилцан хүндэтгэе” аянд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхэн нэгдэж, тодорхой хөтөлбөр төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Өнөөдөр БХЯ, ЗХЖШ, ХЗЦК-аас Жендэрийн Үндэсний хороотой хамтран Хуурай замын цэргийн таван нэгтгэл, ангийн офицер, ахлагч, ажилтан албан хаагч, хугацаат албаны дайчдыг хамруулсан сургалтыг ХЗЦК-ын материаллаг баазыг түшиглэн бүтэн өдрийн туршид зохион байгууллаа.

Жендэрийн Үндэсний хорооны сургагч багш нар сургалтын эхэнд “Жендэр гэж юу вэ”, “Ялгаварлан гадуурхалт гэж юуг хэлэх вэ, та өөрийн мэдэлгүй тийм зан гаргадаг юм биш биз”, “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрт тавигдах шаардлага”, “Жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдвээр илтгэл тавьж, сургалтын төгсгөлд “Хүйс ба жендэр”, “Жендэрийн тэгш байдал ба шударга ёс”, “Нийгмийн хандлагаар бодит байдлыг дүгнэхгүй”, “Эрэгтэйчүүдийн шинэ ба хуучин дүрэм”, “Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ташаа ойлголтыг залруулах нь” сэдвийн хүрээнд оролцогчдыг бүлгээр ажиллууллаа.

Энэ үеэр зохион байгуулагч болон сургагч багш, оролцогчдын сэтгэгдлийг сонсоход тэд ингэж хариулав.

Жендэрийн Үндэсний хорооны ахлах мэргэжилтэн О.Буянаа:

-Манай хорооноос “Хайрлан хүндэтгэе, харилцан дээдэлье” аяныг 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Засгийн газрын яамдууд энэхүү аянд идэвхтэй нэгдэж, бүрэлдэхүүнээ аль болох өргөн хүрээнд хамруулдаг. Тэр дундаа Батлан хамгаалах яамнаас энэ жил бүр тусгай төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх ажлын дараалал гаргасан явдалд талархаж байна. Батлан хамгаалах яамнаас гаргасан төлөвлөгөөний дагуу өнөөдрийн сургалтыг Зэвсэгт хүчний 016, 014, 119, 120, 326 дугаар ангийн 100 гаруй бүрэлдэхүүнд амжилттай зохион байгууллаа. Оролцогчдын идэвх маш өндөр байсанд талархаж байна. Өнөөдрийн нийгмийн хандлагыг харахад соён гэгээрүүлэх ажил маш их чухал. Эргэн тойрондоо шударга ёсыг тогтоож, амьдралын чанарыг дээшлүүлж, зөв дадал хэвшилтэй иргэнийг бэлтгэхэд ярьж хэлж ойлгуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Зэвсэгт хүчнийхэн өнөөдрийн сургалтаар л ингээд орхилгүйгээр дотооддоо улам эрчимжүүлээсэй гэж хүсэх байна.

Жендэрийн Үндэсний хорооны мэргэжилтэн Д.Батхишиг:

-Өглөө ирэнгүүт нэгэн зүйл нүдэнд тусаж сайхан сэтгэгдэл төрүүллээ. Тэр нь Хуурай замын цэргийн командлал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан стандарт шат, зам талбайг бүтээсэн байна. Энэ бол хүний эрхийн мэдрэмжтэй байгаагийн нэг илрэл. Цэргийн албаны өдөр тутмын үйл ажиллагаа өөрөө тодорхой дүрэм журмаар хэрэгждэг нь магадгүй нийгэмд сөрөг ойлголтыг төрүүлдэг байхыг үгүйсгэхгүй” хэмээгээд алба хаагчдаа гэр бүлдээ аав, ээж, хүний хань ижил гэдгийг нь ухамсарлаж, сайн гэрийн эзэн, эзэгтэй байх эрхийг нь зав чөлөөгүй их ажлаар хязгаарлахгүй байхыг онцоллоо.

ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн хошууч Б.Золжаргал:

-“Жендэрийн талаар Батлан хамгаалах салбарт баримтлах бодлого” баримт бичиг 2020 онд батлагдсан. Энэхүү баримт бичгийн дагуу Батлан хамгаалах яаманд Жендэрийн салбар зөвлөл, Зэвсэгт хүчний Жанжин штабт Жендэрийн орон тооны бус дэд зөвлөл байгуулагдсан. Төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл ангиуд ч мөн ялгаагүй дэд зөвлөлтэй. Дэд зөвлөлийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр ахалж байгаа бөгөөд мэргэжлийн багш нарыг урьж “Жендэрийн мэдрэмжтэй байгууллага”-ын чиглэлд хэд хэдэн сургалт зохион байгуулсан, өнөөдрийнх нь үүний нэг хэсэг нь. Мөн нийгмийн хамгааллыг нь дээшлүүлэх, соён гэгээрүүлэх гээд олон ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. Жендэр гэдэг нь энгийнээр хэнийг ч ялгаварлахгүйгээр тэгш харьцана гэсэн ойлголт” гэлээ.

Хугацаат албаны дайчдаас байлдагч Б.Жононбаяр (016) “Сургагч багш нар амьдралд хэрэгцээтэй олон чухал асуудал хөндөж ярилаа. Жендэр гэхээр зөвхөн эмэгтэй хүнд хамаатай зүйл биш юм байна. Хүнийг өвдөж шаналсан эсвэл биеийнх нь ялгамжтай байдлаар нь хэзээ ч гутаан доромжилж, эвгүй байдалд оруулж болохгүй гэдгийг маш сайн ойлголоо. Гадаадын таван орны мэндлэх ёсыг нь ч мэдэж авлаа” хэмээн сэтгэгдлээ хуучиллаа.

Арга хэмжээний төгсгөлд Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал үр өгөөжтэй сургалт зохион байгуулсанд талархал дэвшүүлж, цаашдаа илүү өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа уламжиллаа.

Хуваалцах:

|
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ

Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ

11 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Улсын хэмжээнд 262 амьгүй төрөлт бүртгэгджээ

Улсын хэмжээнд 262 амьгүй төрөлт бүртгэгджээ

15 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна

16 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.