dobu.mndobu

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дуу чимээ амьтдын үхлийн түвшнийг 138 хүртэл хувиар нэмэгдүүлж байна

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дуу чимээ амьтдын үхлийн түвшнийг 138 хүртэл хувиар нэмэгдүүлж байна

Автомашины хөдөлгөөн, усан онгоц, үйлдвэрийн дуу чимээ, хот суурин газрын тасралтгүй үргэлжлэх шуугиан нь зэрлэг амьтдын амьдрах орчинд ноцтой нөлөөлж, үхлийн түвшнийг нэмэгдүүлж байгааг эрдэмтэд тогтоожээ.

Тодруулбал, Их Британийн Куинсийн их сургуулийн Белфаст дахь судлаачид хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дуу чимээ амьтдад хэрхэн нөлөөлж байгааг судалсан 214 туршилтын үр дүнг нэгтгэн, зургаан тивийн усан болон хуурай газрын 177 зүйлийн амьтны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.

Судалгааны үр дүнг 2026 оны арваннэгдүгээр сарын 5-нд шинжлэх ухааны нэр хүндтэй “Science” сэтгүүлд нийтэлжээ.

Судалгаагаар хүний үүсгэсэн дуу чимээ нь судалгаанд хамрагдсан амьтдын 80 орчим хувийн физиологи, хөгжил, зан төлөвт өөрчлөлт оруулж байгааг тогтоосон байна. Түүнчлэн дуу чимээний нөлөөнд өртсөн амьтдын үхлийн түвшин 138 хүртэл хувиар нэмэгдэж, амьд үлдэх үзүүлэлт буурч байгааг онцолжээ.

Судлаачдын тайлбарласнаар дуу чимээ нь амьтдын зөвхөн сонсголд нөлөөлөөд зогсохгүй стрессийн дааврын түвшнийг нэмэгдүүлэх, дархлааны үйл ажиллагаа, амьсгал, цусны эргэлтэд өөрчлөлт оруулах, хоол тэжээлээ олох болон үр төлөө хамгаалах зан төлөвт нь нөлөөлдөг аж.

Тухайлбал, дуу чимээ ихтэй орчинд ан хийдэг махчин амьтад олзоо олохын тулд илүү их хүч зарцуулдаг ч ан хийх амжилт нь ойролцоогоор 25 хувиар буурчээ. Харин зарим амьтан чимээ шуугианаас зугтахын тулд нуугдах газраасаа гарч, махчин амьтдын идэш болох эрсдэлтэй тулгардаг байна.

Мөн судалгаагаар дуу чимээний нөлөөгөөр амьтдын нийт амьдрах чадвар 27 хувиар, судлагдсан популяцын элбэгшил 37 орчим хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Эрдэмтэд хүний үүсгэсэн дуу чимээг байгаль орчны бохирдлын нэг хэлбэр гэж үзэж, зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалахын зэрэгцээ байгалийн дуу авианы орчныг хадгалах шаардлагатайг онцолсон байна.

Ийнхүү хүний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон автомашины дуу, үйлдвэрийн шуугиан, усан тээврийн чимээ зэрэг нь бидний анзаардаггүй ч зэрлэг амьтдын амьд үлдэхэд бодит нөлөө үзүүлж байгааг энэхүү судалгаа харууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.