0
Нийслэлийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, ААН-ийг урамшуулах тухай тогтоолыг НИТХ-ын хурлаар хэлэлцэж, баталлаа.
Уг тогтоолоор 2025 оны гуравдугаар сарын 1-нээс иргэний өгсөн мэдээллийн дагуу зөрчилд 200 хүртэлх нэгж буюу 200 мянган төгрөг хүртэлх торгох шийтгэл оногдуулсан бол тухайн иргэнд шийтгэлийн 20 хувийг олгоно. Харин 200-аас дээш нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор болжээ.
Тогтоолд,
-Иргэний өгсөн мэдээллийн дагуу зөрчилд торгох шийтгэл оногдуулсан бол шийтгэлийн хувь хэмжээнээс хамаарч 10, 20 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох,
-Урамшуулал олгоход шаардагдах зардлыг нийслэлийн жил бүрийн төсөвт тусгах асуудлыг Улаанбаатар хотын захирагч хариуцна гэж тусгасан байна.
Зөрчлийг E-police аппликейшнээр дамжуулан хүлээн авах бөгөөд мэдээлсэн иргэн, ААН-ийн аюулгүй байдлыг хангаж, нууцална гэж заажээ.
Жишээлбэл, Зөрчлийн тухай хуульд явган хүний гарц болон зам дээр автомашинаа зогсоосон иргэнийг 20 мянган төгрөгөөр торгохоор заасан байдаг. Хэрэв энэ талаар мэдээлбэл та 4,000 төгрөгийн урамшуулал авна гэсэн үг юм.
Сануулахад, Үүнтэй ижил тогтоол 2021 оноос мөрдөгдөж эхэлсэн ч хэрэгжилт хангалттай биш байв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.