dobu.mndobu

“Нүд өвдөх, хамар бүтүүрэх, хоолойг боож, агшаагаад ХАТГААНД хүргэдэг дөрвөн вирус байна”

0

НийтлэлчAdmin

Огноо2024-11-04

“Нүд өвдөх, хамар бүтүүрэх, хоолойг боож, агшаагаад ХАТГААНД хүргэдэг дөрвөн вирус байна”

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр (2024.11.04) Эрүүл мэндийн яам болон харьяа мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.БАТТӨР: 

-Энэ жилийн хувьд Томуу, томуу тест өвчинтэй тэмцэх чиглэлээр эрт арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал, томуугийн эсрэг 320,000 хүн тун вакциныг есдүгээр сараас эхлэн хийсэн. Вакцины хамрагдалт одоогоор 90 хувьтай үргэлжилж байгаа. Иймд иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриалъя. Цаашид вакцинжуулалтын үр нөлөөнөөс хамаарч ирэх жилүүдэд вакцины тоо хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар судалж байгаа.

Вакцин бол 26,000 төгрөг. Хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтэх эсвэл эмийн сангаас эм авахад 100,000-200,000 төгрөг давсан өртөгтэй болдог. Иймээс вакцинжуулалтын тоо хэмжээг нэмэгдүүлэх, судалгааны дүнд суурилан вакцинжуулалтад хамрагдсан хүүхдүүдийн өвчлөл, хүндрэл ямар байгааг дараа дараагийн хэвлэлийн хурлаараа танилцуулна.

Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Амьсгалын замын халдвараас хамгаалах дадал зуршил иргэдэд бий болсон байгаа. Үүнийгээ хэрэгжүүлэх цаг болоод байна. Жишээлбэл, амны хаалтаа зүүх. Автобус, олон нийтийн газар, эрүүл мэндийн байгууллагад амны хаалтаа зүүх хэрэгтэй. Эмч, ажилтнууд ч мөн амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Хоёрдугаарт, гараа сайтар угаах юм. Мөн дархлаажуулалтад хамрагдах нь чухал.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Чанарын албаны дарга, хүүхдийн эмч А.ОЮУНЧИМЭГ:

-Аденовирус гэхээр нүд нь өвдсөн, реновирус хамар нь битүүрнэ, параимперовирус хоолой нь боож байгаа хүүхэд, эровирус гуурсан хоолойг агшаагаад хатгаанд хүргэдэг дөрвөн вирус зонхилон тархаж байна. Хүүхдүүд дээр өнгөрсөн долоо хоногоос хүндрэл нэмэгдсэн. Эдгээр дөрвөн төрлийн вирусээр халдварласан хүүхдээ ээжүүд сайн анзаараарай.

Халуурна, хоолой нь өвдөнө, ханиалгана. Хүндэрсэн тохиолдолд ларенгитын шинж тэмдэгтэй хүүхэд амьсгал авахдаа хяхатнаад муухай зурж байгаа юм шиг ханиалгана. Энэ тохиолдолд хүүхэд унтаж чадахгүй. Удааж болохгүй, яаралтай эмчид хандах ёстой.

Өдрийн цагт өрхийн эмнэлэгтээ ханд. Эсвэл 103 дууд. Шөнө бол гэртээ хамгийн ойр эмнэлэгт хандаж, эмчид үзүүлэх ёстой. ЭХЭМҮТ-д шөнөдөө 460 орчим хүүхэд ирж байна.

Мөн хүүхэд тайван үедээ хяхатнаад муухай дуугарна. Энэ тохиолдолд мөн удааж болохгүй. Тайван үедээ хяхатнаатай амьсгалаад байвал төвөнх дээрээ бачуурсан байгаа.

Хүүхэд уйлж уйлж, амьсгаа авахдаа эвгүй дуугарвал хөнгөн зэргийн ларенгит явж байна, эмчид ханд.

Тайван үедээ хүүхэд муухай дуугарвал хүндэрсэн байна гэсэн үг.  Эцэг, эх өглөө болгочихоё гэсээр байгаад хоолойг нь боолгож, хүндрүүлдэг.

Халууралтыг мөн сайн үзэх ёстой. Айл бүр халууны шилтэй байх хэрэгтэй. Хүүхдийн халууныг үзэхэд халуун 38.5-аас дээш бол гурван сар хүртэл хүүхэд, мөн 39-өөс дээш халуун зааж байгаа бол хүндрэх өндөр эрсдэлтэй.

Цагаан халуурч байна уу, улаан халуурч байна уу гэдгийг эмч нар асуудаг. Царай нь цонхийгоод, хөл ,гар нь хүйтэн, арьс нь эрээн бол хүндэрнэ. Цагаан халуурлын үүсгэгч нь илрээгүй байгаа нянгийн муухай халдвар эсвэл ковид ч юм уу байж болзошгүй. Хамгийн ойрын эмчид хандах ёстой.

Царай нь улаан, гар нь халуун, хүүхдийн хөл мөлүүхэн чичрэх шинж тэмдэг илрэхгүй бол шөнөдөө өнгөрөөгөөд өглөөдөө өрхийн эмчдээ ханд.

Хүүхэд халуурсан тохиолдолд 125 мг парацетомол амаар уулгах, эсвэл шулуун гэдсээр лаа хийх шаардлагатай. Өндөр халуурсан үед буюу 38.5 ба түүнээс дээш, мөн хийсвэрээр төрсөн хүүхэд 38 градус хүртэл халуурч байгаа бол хүндэрч байна гэсэн үг эмчид хандах ёстой. Хүүхэд хүндэрч байна уу гэдэг дээр юуг анхаарах ёстой вэ.

Халуураагүй байхдаа хоолондоо дургүй, орчны сонирхол бага бол хүндэрч байгаа хүүхэд.

Арваас дээш насны хүүхдийг том гээд эцэг, эхчүүд хайхардаггүй, анхаардаггүй. Гэтэл уушигны дэлбэнгийн хатгаагаар 10 настай хүүхэд ч ирж байна. Эмчид үзүүлж, эмчилгээг цаг тухайд нь хийлгээ, гурав хоногийн дараа дахин үзүүлэх ёстой гэж зөвлөсөн бол зөвлөгөөг дагаарай. Эцэг, эхчүүд хоног алдаж, эмчид хандаж байгаагаас хүүхдийн өвчлөлийг хүндрүүлж байна.

ХӨСҮТ-ийн ТҮН-ийн тархвар судлаач эмч Ч.УРТНАСАН:

Томуу, томуу төст өвчний 43 дахь тандалтын мэдээллийг хүргэе. Улсын хэмжээнд 2024 оны 10-р сарын 21-28-ны өдрийг хүртэлх 7 хоногт амбулаторид хандаж тусламж үйлчилгээ авсан иргэдийн 5.2 хувийг томуу, томуу төст өвчний улмаас хандсан байна. Үүнийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 0.4 хувь, 2023 оны мөн үетэй харьцуулахад 0.3 хувиар тус тус бага байна.

Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 21.3 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар эзэлжээ. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал 1.0 хувь, 2023 оны мөн үетэй харьцуулахад 3.7 хувиар тус тус нэмэгджээ.

Тархалт шар буюу идэвхжилтийн түвшинд байна. Өвчлөлийн 46 хувийг 5 насны хүүхэд эзэлж байгаа бол 15 хүртэлх насны хүүхэд 77 хувийг эзэлж байна. Нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 50 орчим хувийг нийслэлд бүртггэдсэн байна. Нийслэлийн хэмжээнд 200 орчим ор дэлгэсэн.

ЭМЯ-наас долоо хоног бүрийн Даваа болон Баасан гарагийн 11:00 цагт томуу, томуу төст өвчний талаарх мэдээлэл өгч байхаар болжээ.

Л.ЗУЛ

Хуваалцах:

|
ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

12 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.