Улс төрд горилсон, эсвэл сонгуульд бүдэрсэн нөхдөд компани байгуулж өгч эрхлүүлдгээ хэзээ болих юм бэ. Улсын төсөвт томоохон байр суурь эзэлдэг Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой тэргүүтэй 31 компаниас сааж, ажил хийсэн дүр эсгэдэг “Эрдэнэс Монгол”, С.Наранцогт хэмээх данхар бүтэц бүхий айлыг яая гэж байхад “Эрчист Монгол”, Г.Амартүвшин хэмээх 44 компанийг нэгтгэсэн нэг мөнгө саах төдий байгууллага бас шинээр бий болгочихсон. Яг энэ мөчид улсын төсөв хэлэлцэж, олсон, олоогүй хэд нь хаанаа ч хүрэлцэхгүй хэрэлдэж байхад энэ мэт компаниудаа татан буулгаач ээ, Ерөнхий сайдаа.
Энэ хоёр компани нь төрийн өмчит компаниудыг удирдлагаар хангах, компанийн засаглалыг сайжруулах, нэгдсэн бодлого, стратегиар манлайлан ажиллах гээд чиг үүрэг нь ерөнхийдөө адилхан. Өөрөөр хэлбэл улс төрийн шахаа хийдэг, улстөрчдийн танил талд тохой татаж албан тушаалд томилдог, татаас авдаг, түүнийгээ хаа хамаагүй зарцуулдаг нэг байгууллага шинээр бий болгож, төрийн бүтцийг данхар болгож байгаагаас өөр зүйлгүй.
Үнэн хэрэгтээ Эрдэнэт үйлдвэр “Эрдэнэс Монгол”-той монголгүй үйл ажиллагаагаа олон жил явуулж, улсдаа татвараа төлсөөр ирсэн. Заавал С.Наранцогтод орлогынхоо хоёр хувийг өгөх ямар шаардлагатай юм. Эрдэнэт үйлдвэрийн 2023, 2024 оны орлогоос харахад дунджаар дөрвөн их наяд гаруй төгрөг. Тэгэхээр тус айл нь энэ орлогынхоо найман тэрбум төгрөгийг “Эрдэнэс Монгол”-д сул өгч байна гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” компани гэхэд 2023 онд 11.4 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан. Үүний хоёр хувь гэхээр 20 орчим тэрбум төгрөгийг сул өгч байна гэсэн үг. Түүний оронд туйлдаж ядарсан төсөв рүүгээ хий л дээ. Сургууль, цэцэрлэгээ барь л даа. Цалин тэтгэвэртээ нэмэрлэ л дээ. Тэнд тендер будилуулж, мөнгө үрж байгаа хэдэн нөхдийг тэжээх гэж ийм компани байгуулж байгаагийн цаад учир юу байна вэ.
Үүн лугаа адил “Эрчист Монгол”-ын харьяанд Төрийн өмчит дулааны бүх цахилгаан станцууд болон МИАТ, Монголын төмөр зам, Авто замын засвар арчлалтын нэгтгэл, Улаанбаатар төмөр зам, Иргэний нисэхийн үндэсний төв, Төрийн үнэт цаас хэвлэл зэрэг 44 байгууллага багтана. “Эрчист Монгол” ч ялгаагүй тэднээс хувь татаж, менежмент хийх нэрээр сууж байна. Л.Оюун-Эрдэнийн тал засаж байгуулсан энэ компаниа татан буулга, Ерөнхий сайд аа.
Улаанбаатар болон орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дулааны цахилгаан станцууд “Эрчист Монгол”-той монголгүй үйл ажиллагаагаа явуулж, алдагдлаа хүлээж ирсэн байгууллагууд. МИАТ, Монголын төмөр зам гэх мэт олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, менежментээ өөрсдөө хийж, алдаа оноогоо үүрч ирсэн байгууллагыг Г.Амартүвшин чухам ямар удирдлагаар хангаж, ямар менежмент хийх гээд байгаа юм. Тэнд Г.Амартүвшин шиг, түүнээс ч илүү залуус хэдэн арваараа бий. Заавал ийм завхарсан компаниар яах юм.
Нэг сонин баримт бий. “Эрдэнэс Монгол” 31 компаниас татаас авч байж Азийн хөгжлийн банкнаас 9.5 сая ам.долларын зээл авч, гаднын компаниас зөвлөх үйлчилгээ авсан гэдэг. Үнэн хэрэгтээ уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 31 компанийг менежмент, удирдлагаар хангана гэж тэднээс санхүүжиж байж гаднын компаниас зөвлөх үйлчилгээ авахын тулд өндөр хүүтэй ихээхэн хэмжээний зээл авна гэдэг мөнгө угаах нэг арга гэж үзэхэд болохгүй зүйл үгүй.
Монгол Улсад энэ мэт компанид зөвлөчихөөр хашир хандгай нар, боловсролтой туршлагатай залуус олон байгаа. Чухам яагаад гаднаас зөвлөх үйлчилгээ авдаг вэ гэхээр мөнгө завших гэж л авдаг болов уу. “Эрчист Монгол” бол яг энэ замаар л явна.
С.Наранцогт гэгч нөхөр нэгэн насаараа улс төрд горилж байгаа хүн. Даанч ах намынхан мандат өгдөггүй. Харин энэ удаад “Эрдэнэс Монгол”-оор дамжуулан, уул уурхайн 31 компанийн мөнгийг ах намд “цутгаж” байгаа учраас айсуй 2028 онд Дундговь, говийн бүсэд мандат горилж байгаа. Г.Амартүвшингийн хувьд 2024 оны сонгуулиар хоосон хоцорсон учраас Л.Оюун-Эрдэнэ түүнд зориулж, “Эрчист Монгол” хэмээх компани байгуулж өгсөн гээд хэлчихэд тэгтлээ хол зөрөхгүй.
Энэ мэт бэлэглэлийн замаар байгуулагдсан компаниудаа татан буулгаад төсөв санхүүдээ нэмэрлэх хэрэгтэйг Ерөнхий сайд анхаарч байгаа биз ээ.
Их Мэдэгч