0

Өвөрхангай аймгийн Хархорин суманд шинийн таван буюу 2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр орчин үеийн жишигт нийцсэн 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилга нээлтээ хийлээ. Шинэ эмнэлгийн барилга нь орчин үеийн дизайн шийдэлтэй, эмнэлгийн зориулалтын стандарт шаардлагад бүрэн нийцсэн бөгөөд үйлчлүүлэгчид, эмч, эмнэлгийн ажилчдад аюулгүй, тав тухтай, ээлтэй орчныг бүрдүүлэв.
Эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд компьютер томографийн (CT) аппарат, ходоодны дурангийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулснаас гадна гемодиализын аппаратыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Ингэснээр зэргэлдээ сум, бүс нутгийн иргэд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг орон нутагтаа шуурхай, чанартай авах боломж бүрдэж байна.
Нээлтийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин хэлсэн үгэндээ, Орон нутагт орчин үеийн стандарт бүхий эмнэлгийг ашиглалтад оруулж буй нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд амьдарч буй орон нутагтаа чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан улс, аймаг, орон нутгийн удирдлага, санхүүжүүлэгч болон гүйцэтгэгч байгууллагууд, эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье” хэмээв.
Хархорин сумын эмнэлэг нь харьяаллын 15,000 гаруй иргэн болон ойролцоох сумдын 28,000 гаруй хүн амд лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, нэр төрөл илүү өргөжин нэмэгдлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.