0

Энэ сарын 17-19-ний өдрүүдэд ихэнх нутгийг хамарсан хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай, зарим бүсэд гамшигт үзэгдэл ажиглагдаж, агаарын температур өмнөх хоногоос 10-20 градусаар огцом хүйтрэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Тодруулбал, 17-ноос 18-нд шилжих шөнө Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхины хурд секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэх төлөвтэй байна. Харин 18-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан, Төв аймагт нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдана.
Мөн Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед 34 метрийг давж, шороон шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулжээ. 18-наас 19-нд шилжих шөнө Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймагт цасан шуурга шуурч, зарим газарт гамшигт хэмжээнд хүрэх эрсдэлтэй байна.
Түүнчлэн 19-ний өдөр Дорноговийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хүчтэй салхи, цасан болон шороон шуурга үргэлжлэх төлөвтэй байна.
Иймд хальтиргаа гулгаа, мөстөлт үүсэх, зам даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр гадаа осгож, хайрагдах эрсдэл нэмэгдэхийг онцгойлон сэрэмжлүүлэв.
Малчид, иргэдэд бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малаа ойр бэлчээрт нөмөртэй газар байлгах, төл малыг осгохоос хамгаалах, ямаа самналтыг түр хойшлуулах, отор нүүдэл хийхгүй байх, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг арга хэмжээг авахыг зөвлөж байна.
Мөн цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.