dobu.mndobu

Төрийн байгууллагууд хамтран Зэвсэгт хүчний 120 дугаар ангид мод тарилаа

Төрийн байгууллагууд хамтран Зэвсэгт хүчний 120 дугаар ангид мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцлоо. 

Тус салбарынхан 2022–2030 оны хооронд нийт 27 сая мод тарьж, арчлан хамгаалах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Ойн газар хамтран томоохон мод тарих арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээ Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн “Түргэний гол” цэцэрлэгт хүрээлэнд болж, 10 гаруй байгууллагын 300 гаруй алба хаагч оролцон 4000 гаруй навчит болон шилмүүст мод тарьжээ.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Д.Ихбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон бусад байгууллагын төлөөлөгчид оролцов.

Хошууч генерал Ч.Цогтжаргал энэ үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин алба хаагчид ногоон ирээдүйн төлөө хувь нэмрээ оруулж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны зарлигийн хүрээнд 2026 оны хаврын мод тарих үндэсний өдрийг 5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 1-ний хооронд улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон байна.

Ийнхүү Зэвсэгт хүчний 120 дугаар ангид шинээр байгуулагдаж буй мод үржүүлгийн талбайн орчимд хамгаалалтын зурвас байгуулж, салхины хаалт бүхий мод тарих ажлыг эхлүүлснээр экологийн тэнцвэрт байдлыг хангах, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах зорилт хэрэгжиж эхэллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.