dobu.mndobu

“Hope” кино Хойд Америкийн кинотеатруудад хоёрдугаарт эрэмбэлэгдлээ

“Hope” кино Хойд Америкийн кинотеатруудад хоёрдугаарт эрэмбэлэгдлээ

Өмнөд Солонгосын найруулагч На Хон-жиний шинжлэх ухааны уран зөгнөлт, триллер “Hope” кино Хойд Америкийн кино зах зээлд нээлтийн өдрөөрөө 1.1 сая ам.долларын орлого олж, тухайн өдрийн бокс оффисын жагсаалтад хоёрдугаарт бичигджээ.

Тус кино лхагва гарагт Хойд Америкийн 1,560 кино театрт нээлтээ хийсэн бөгөөд нэг кино театрт ногдох дундаж орлого нь 705 ам.долларт хүрсэн нь тухайн өдөр бокс оффист бүртгэгдсэн кинонуудаас хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Харин Кристофер Ноланы найруулсан “Odyssey” кино 2,312 кино театраас 1,262,245 ам.долларын орлогоор тэргүүлсэн бол “Spider-Man: Brand New Day” 3,520 кино театраас 1,001,745 ам.долларын орлого олж, гуравдугаарт эрэмбэлэгджээ.

“Hope” ийнхүү Хойд Америкт нээлтээ хийсэн Солонгос кинонуудын түүхэн дэх хамгийн өндөр орлоготой нээлтийн өдрүүдийн хоёрдугаарт бичигдэж байна. Өмнө нь 2007 онд Шим Хён Рэ-ийн “Dragon Wars: D-War” кино 2,277 кино театраас 1.602 сая ам.долларын орлого олж, энэ үзүүлэлтийг тэргүүлж байжээ.

Кино Хойд Америкийн үзэгч, шүүмжлэгчдээс ерөнхийдөө эерэг үнэлгээ авч байна. “Rotten Tomatoes” платформд баасан гарагийн байдлаар шүүмжлэгчдийн үнэлгээ 80 хувь, үзэгчдийн үнэлгээ 77 хувьтай байжээ. Гэсэн хэдий ч киноны талаарх үзэгчдийн байр суурь нэлээд зөрүүтэй байгаа бөгөөд зарим нь шинэлэг, зоримог шийдлийг нь өндрөөр үнэлсэн бол зарим нь ер бусын, ойлгомжгүй бүтээл хэмээн дүгнэсэн байна.

“Hope” киноны үйл явдал Цэрэггүй бүсийн ойролцоох тосгонд өрнөнө. Тосгоны залуус бар харсан тухай мэдээлснээр орон нутаг даяар үймээн дэгдэж, салбарын дарга Бомсок учир битүүлэг, итгэмээргүй нөхцөл байдалтай нүүр тулна.

Тус кинонд Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Хван Жон Мин, Чо Ин Сон, Жон Хо Ён нарын зэрэг жүжигчид тогложээ. Кино долдугаар сарын 15-нд Өмнөд Солонгост нээлтээ хийснээсээ хойш 4.55 сая үзэгчийн хүртээл болоод байна.

Хойд Америкийн зах зээлд “Parasite” зэрэг Оскарын шагналт кинонуудыг түгээж байсан “Neon” компани “Hope” киноны түгээлтийг хариуцаж байгаа юм.

Түүнчлэн “Hope” кино олон улсын урьдчилсан борлуулалтаараа Солонгос киноны дунд дээд амжилт тогтоож, дэлхийн 200 гаруй улс, нутаг дэвсгэрт эрхээ борлуулсан байна. Урьдчилсан борлуулалтын орлогоороо тус кино үйлдвэрлэлийн зардлынхаа ойролцоогоор тал хувийг хэдийн нөхөөд байгаа бөгөөд олон улсын кино зах зээл дэх орлого нь цаашид нэмэгдэх төлөвтэй байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.