dobu.mndobu

Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаанд орно

Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаанд орно

Диана гүнжийн түүхэн мөчтэй холбогддог, олны дунд “өшөө авалтын даашинз” хэмээн нэрлэгддэг алдарт хар даашинз 30 орчим жилийн дараа дахин дуудлага худалдаанд орж байна.

Диана гүнж 1994 онд Лондон хотын Серпентайн галерейд болсон хандивын арга хэмжээнд уг хар торгон, мөргүй даашинзыг өмсөн оролцсон юм. Тухайн өдөр түүний нөхөр, тухайн үеийн Уэльсийн хунтайж Чарльз гэр бүлийн амьдралдаа үнэнч бус байснаа телевизийн ярилцлагаар хүлээн зөвшөөрсөн байжээ.

Диана гүнж нөхрийнхөө мэдэгдлийн дараах анхны олон нийтийн арга хэмжээнд уг даашинзыг өмсөн ирсэн нь тухайн үеийн хэвлэл мэдээллийн анхаарлыг ихээхэн татаж, улмаар поп соёлын хамгийн алдартай хувцаснуудын нэг болсон байна.

Дуудлага худалдааг зохион байгуулах “Sotheby’s” уг даашинзыг 220 мянган фунт стерлинг буюу ойролцоогоор 300 мянган ам.доллар хүрч зарагдана гэж тооцоолж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 9-нд худалдах аж.

Энэ нь уг даашинзыг 1997 оноос хойш анх удаа дуудлага худалдаанд оруулж буй тохиолдол юм. Диана гүнж 1997 онд нас барахаасаа хэдхэн сарын өмнө 79 ширхэг хувцсаа дуудлага худалдаагаар худалдаж, орлогыг буяны үйлсэд хандивласан билээ.

Уг даашинзыг Грекийн загвар зохион бүтээгч Кристина Стамболяны урласан бөгөөд Диана гүнж арга хэмжээнд очихынхоо өмнөхөн өөр хувцас сонгон өмссөн байна. Тэрээр анх өмсөхөөр төлөвлөж байсан Валентино брэндийн даашинзаас татгалзаж, мөр ил гарсан, тэгш бус хормойтой, шифон унжлагатай хар даашинзыг сонгожээ.

Диана гүнж даашинзаа хар түрийвч, хар өндөр өсгийт болон хааны гэр бүлийн үнэт эдлэлээр хослуулсан байна.

1997 онд Диана гүнжийн өөрийнх нь дуудлага худалдаагаар зарагдсан уг даашинзыг Глазго хотын оршин суугч Бриж Маккензи болон түүний нөхөр Грэм нар 39,098 фунт стерлингээр худалдан авч байжээ. Тэд уг хувцсыг өмсөхийн тулд бус, харин борлуулалтын орлого буяны байгууллагад зориулагдах учраас худалдан авсан байна.

Бриж Маккензи нөхрөө нас барсны дараа даашинзыг худалдахаар шийдсэн бөгөөд тэдний хувьд уг хувцсыг худалдан авсан өдөр хамтдаа өнгөрүүлсэн хамгийн дурсамжтай өдрүүдийн нэг байсан хэмээн ярьжээ.

Дуудлага худалдаанаас өмнө “өшөө авалтын даашинз”-ыг дэлхийн хэд хэдэн хотод үзүүлнэ. Есдүгээр сарын 18-24-нд Лондонд, аравдугаар сарын эхээр Хонконгт, арваннэгдүгээр сарын эхээр Женевт, улмаар Нью-Йоркт аваачиж худалдах юм.

Мөн 1997 оны дуудлага худалдааны ховор каталогийн Диана гүнж болон Кристина Стамболяны гарын үсэгтэй хувийг даашинзтай хамт худалдахаар болжээ. Борлуулалтын орлогын тодорхой хэсгийг Royal Edinburgh Hospital-т хандивлана.

Диана гүнжийн хувцаснууд өмнө нь ч өндөр үнэд хүрч байсан бөгөөд 2023 онд “Sotheby’s”-ийн Нью-Йорк дахь дуудлага худалдаагаар түүний хар хонь дүрсэлсэн алдарт цамц 920 мянган фунт стерлингээр зарагдсан юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.