0

АНУ-ын Аляскийн ойролцоох Берингийн тэнгист загасчилж явсан завь хөмөрсний дараа 15 настай хүү хоёр хоногийн турш завин дээрээ байж амьд үлдэж, аврагджээ.
Гэр бүлийнхнийх нь мэдээлснээр, хүүг Дерек Паркер Агнаанга гэдэг бөгөөд ослын үеэр хамт явсан үеэл болон ах нь амиа алдсан байна.
Тэд есдүгээр сарын 4-ний баасан гарагт Аляскийн эргээс хол орших Сент-Лоренс арал дээрээс загасчлах завиар гарч, ням гарагийн үдээс хойш буцаж ирэхээр төлөвлөж байжээ. Гэвч 5.5 метр орчим урттай загасчны завь нь эргэж ирээгүй тул АНУ-ын эргийн хамгаалалтын алба эрлийн ажиллагаа эхлүүлсэн байна.
Эргийн хамгаалалтын нисэх баг даваа гарагийн өглөө хөмөрсөн завин дээр сууж байсан хүүг олж харжээ. Улмаар ойролцоо явсан өөр нэг загасчны завь хүүг аюулгүй газарт гарган авч, түүний хамт явсан хоёр хүний цогцсыг мөн олсон байна.
Аврагдах үед хүүд биеийн дулаан хэт буурсан шинж тэмдэг илэрч байжээ.
Хүүг аварсан загасчны завины ахмад Адам Уайт орон нутгийн хэвлэлд ярихдаа, хүү харанхуй шөнө болон усны хүйтнийг үл харгалзан завин дээрээ байж, тэсэж чадсан гэжээ. Тухайн үед далайн усны температур ойролцоогоор 10 хэм байсан байна.
“Үнэхээр тэсвэртэй хүү байна” хэмээн Уайт ярьжээ.
Түүний хэлснээр, хүү чичирч байсан ч ах нь завины доор үлдсэн талаар ярьсан байна. Мөн аврагдахаас өмнөх шөнө үеэл нь завинаас мултарч, усанд алга болсон гэж хэлжээ.
Хүүгийн ээж Вина Куловийи өөрийн цахим хуудсандаа бичсэнээр, завь бямба гарагт хөмөрч, хүү хоёр хоногийн турш далайд хоол, усгүй байжээ.
Тэрбээр хөвгүүд нь загасчлах дуртай байсан бөгөөд дэлгүүрээс мах худалдан авах боломж тэр бүр байдаггүй нутгийн иргэддээ загас барьж, хүнсээр хангахын тулд далайд гарсан гэжээ.
Тэдний амьдардаг Савунга тосгон нь Сент-Лоренс аралд оршдог, 800 орчим хүн амтай суурин бөгөөд Сибирийн Юпикийн ард түмэн голлон амьдардаг байна.
Хүүгийн ээж гэр бүлээрээ ан хийж, загасчилж, олсон хүнсээ нутгийнхаа айл өрхүүдтэй хуваалцдаг уламжлалтайгаа хуваалцжээ.
Одоогоор ослоос амьд үлдсэн 15 настай хүү гэртээ харьж, биеийн байдал нь сэргэж байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.