dobu.mndobu

АНУ-ын жүжигчин Сидни Суинигийн ээлжилт нэг сурталчилгаатай холбоотой маргаан

АНУ-ын жүжигчин Сидни Суинигийн ээлжилт нэг сурталчилгаатай холбоотой маргаан

АНУ-ын жүжигчин Сидни Суини спортын тэмцээний үр дүнд мөнгөөр бооцоо тавих үйлчилгээ үзүүлдэг Novig компанийн шинэ сурталчилгаанд оролцсон нь эмэгтэй тамирчдын шүүмжлэл дагуулжээ.

Сурталчилгааны цуврал зураг, бичлэгт Суини америк хөлбөмбөгийн бөмбөг, теннисний цохиур, бейсболын цохиур зэрэг спортын хэрэгсэлтэй, нүцгэн болон хагас нүцгэн байдлаар дүрслэгдсэн байна.

Novig-ийн Instagram-д нийтэлсэн сурталчилгааны бичлэг дөрөвхөн хоногийн дотор 37 сая гаруй үзэлт авчээ.

Австралийн серфингийн тамирчин Фелисити Палматер уг сурталчилгааг “хэт сексуалчилсан” хэмээн шүүмжилж, эмэгтэй тамирчид болон спортод хөл тавьж буй охидод сөргөөр нөлөөлнө гэжээ.

“Биднийг хэрхэн харагдаж байгаагаар маань биш, юу хийж чаддагаар маань үнэлээсэй гэж хүсдэг” хэмээн тэр хэлсэн байна.

Мөн Австралийн олимпын аварга усанд сэлэгч Ариарне Титмус уг сурталчилгаанд дургүйцлээ илэрхийлжээ. Тэрээр энэ нь спортод амьдралаа зориулсан эмэгтэйчүүдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг үл хүндэтгэсэн хэрэг гэж үзсэн байна.

Усанд сэлэгч Лани Палмистер, боксчин Скай Николсон нар ч мөн адил шүүмжилж, эмэгтэйчүүдийг спортоор дамжуулан бус, бие галбираар нь онцолж буйг буруушаажээ.

Шүүмжлэл гарсны дараа Суини ESPN The Magazine-ийн өмнө нь нийтэлж байсан Body Issue-ийн тамирчдын нүцгэн болон хагас нүцгэн зургуудыг Instagram хуудсандаа нийтэлсэн байна.

Body Issue нь тамирчдын бие, хүч чадал, хөдөлмөрийг харуулсан тусгай дугаар бөгөөд 2019 онд нийтлэлээ зогсоосон юм.

Суини өмнө нь ч сурталчилгаатай холбоотой маргаанд орж байсан. Тэрбээр 2025 онд American Eagle-ийн жийнсний сурталчилгаанд оролцохдоо генийн тухай хэллэг ашигласан нь маргаан дагуулж байсан юм.

Одоогоор Сидни Суинигийн төлөөлөгчид болон Novig компаниас шинэ сурталчилгаатай холбоотой тайлбар мэдээлэл гаргаагүй байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.