0

БНХАУ-ын Хэбэй мужийн Канбао хошуунд байцааг холын зайд тээвэрлэхдээ формальдегид агуулсан уусмалд дүрж, шинэхэн мэт хадгалдаг байсан хэрэг илэрчээ.
Энэ мэдээлэл наймдугаар сарын 22-нд цахим орчинд тарсан бичлэгийн дараа олон нийтэд хүрсэн байна. Уг бичлэгт байцааны үндэс хэсгийг химийн бодистой шингэнд дүрж буй нь харагдсан бөгөөд орон нутгийн эрх баригчид шалгалт явуулж, мэдээлэл үнэн болохыг баталжээ.
Мэдээллийн дагуу зарим худалдаачид байцааг олон хоног, холын зайд тээвэрлэх явцад муудахаас сэргийлж, шинэлэг байдлыг нь хадгалах зорилгоор уг бодисыг ашигладаг байсан аж. Нэгэн мэдээлэгчийн хэлснээр том оврын ачааны машинаар холын бүс нутаг руу тээвэрлэдэг байцааны ихэнхэд ийм арга хэрэглэдэг байж болзошгүй байна.
Харин формальдегид нь хүний биед хорт хавдар үүсгэх эрсдэлтэй химийн бодис бөгөөд хүнсэнд хэрэглэхийг хориглодог. Түүний усан уусмалыг формалин гэж нэрлэдэг.
Уг мэдээлэл Өмнөд Солонгост мөн ихээхэн түгшүүр төрүүлжээ. Учир нь тус улс кимчи үйлдвэрлэхэд ашигладаг байцааныхаа тодорхой хэсгийг Хятадаас авдаг байна. Үүний улмаас Өмнөд Солонгосын эрх баригчид Хятадаас импортолж буй байцаа болон байцаагаар хийсэн бүтээгдэхүүнд тавих шалгалтаа чангатгажээ.
Гэсэн хэдий ч одоогоор Өмнөд Солонгост шалгасан импортын байцаа, кимчиний дээжүүдээс формальдегид илрээгүй гэж эрх баригчид мэдээлсэн байна.
Хятадын эрх баригчид уг бодисыг ашигласан шалтгаан, хэдий хэмжээний байцаанд хэрэглэсэн, хаашаа тээвэрлэгдсэн зэрэг асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.