0

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани агаарт богино хугацаанд хөөрч, эргэлт хийх чадвартай шинэ үеийн Roadster спорт автомашинаа танилцууллаа. Компанийн гүйцэтгэх захирал Илон Маск хэрэглэгчдэд зориулсан үйлдвэрлэлийг 2028 онд эхлүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн ч автомашины үнэ болон нийлүүлэлтийн хугацаа одоогоор тодорхойгүй байна.
Техас муж дахь SpaceX компанийн пуужингийн туршилт, хөгжүүлэлтийн төвд болсон танилцуулгын үеэр шинэ Roadster-ийн онцлог технологиудыг үзүүлжээ. Тус автомашин хүйтэн хийн түлхэгч болон тусгай сорох системийн тусламжтайгаар агаарт богино хугацаанд хөөрч, нислэгийн үеэр эргэлт хийх боломжтой аж. Tesla-гийн удирдлагууд уг технологийг бүтээхдээ SpaceX-ийн зарим шийдлийг ашигласнаа онцолсон байна.
Мөн автомашин зогсож байгаагаас цагт 96.6 километрийн хурд авахад нэг секунд хүрэхгүй хугацаа зарцуулна гэж компани мэдэгджээ. Илон Маск шинэ загвараа танилцуулсны дараа X нийгмийн сүлжээндээ “Ирээдүйд нисдэг автомашин бий болно гэдэг нь үнэн байжээ” хэмээн бичсэн байна.
Гэхдээ уг автомашиныг нийтийн замд ашиглах боломжтой болох эсэхэд эргэлзээ байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Жоржтауны их сургуулийн хуулийн профессор, АНУ-ын Холбооны худалдааны комиссын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах товчооны өмнөх захирал Дэвид Владек нисэх чадвартай автомашиныг замын хөдөлгөөнд нэвтрүүлэхэд аюулгүй байдал болон муж бүрийн хууль, журмын шаардлагыг хангах шаардлагатайг тэмдэглэсэн байна.
Түүнчлэн АНУ-ын Өмнөд Каролинагийн их сургуулийн хуулийн профессор, Зам тээврийн яамны инновацын асуудлаарх зөвлөх бүлгийн дэд даргаар ажиллаж байсан Брайант Уокер Смит танилцуулсан автомашиныг туршилтын зориулалттай нэг удаагийн загвар гэж шүүмжилжээ. Түүний үзэж буйгаар, уг автомашиныг 2028 онд нийтийн замд ашиглах боломжтой болно гэдэгт эргэлзэх үндэслэл бий.
Tesla компани баасан гарагийн өглөө шинэ Roadster-ийн урьдчилсан захиалгыг цахим хуудсаараа авч эхэлсэн байна. Гэвч захиалгын нөхцөлд автомашиныг хэзээ хүргэх, цаашлаад захиалагчид заавал хүргэх эсэх талаар баталгаа өгөөгүй гэж дурджээ.
Шинэ загварын танилцуулгын дараа Tesla-гийн хувьцаа баасан гарагийн өглөө өссөн ч хиймэл оюун ухаантай холбоотой компаниудын хувьцааны борлуулалт эрчимжих үеэр буурсан байна.
Tesla анхны Roadster загвараа 2008 онд зах зээлд гаргаж байсан бол 2018 онд Илон Маск уг автомашиныг SpaceX-ийн пуужингаар сансарт илгээж байв. Жолоочийн суудалд “Starman” нэртэй хиймэл хүн байрлуулсан тэрхүү автомашин нь компанийн хамгийн их анхаарал татсан үйл явдлуудын нэг болсон юм.
Шинэ Roadster нь Tesla-гийн технологийн боломжийг харуулсан загвар боловч үйлдвэрлэлийн хугацаа, үнэ, нийлүүлэлт болон нийтийн замд ашиглах зөвшөөрөлтэй холбоотой асуудлууд шийдэгдээгүй хэвээр байна. Тиймээс уг автомашин компанийн борлуулалт, ашигт ажиллагаанд хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.