dobu.mndobu

Гурван настай хүүгээ хөнөөсөн хойд эцэгт бүх насаар нь хорих, эхэд нь хоёр жилийн ял оноожээ

Гурван настай хүүгээ хөнөөсөн хойд эцэгт бүх насаар нь хорих, эхэд нь хоёр жилийн ял оноожээ

2023 онд хойд эцгийнхээ гарт амиа алдсан гурван настай хүүгийн хэрэгт холбогдуулан шүүгдэгч М.Э-д бүх насаар нь хорих, хүүгийн эх Ц.Л-д хоёр жилийн хорих ял тус тус оноосон байна. Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч М.Э-г бага насны хүүхдийг онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогч биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн амь насыг нь хохироосон гэм буруутайд тооцсон байна.

Мөн бага насны дагавар хүүгийнхээ эсрэг бэлгийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг үйлдэхийг завдсан бөгөөд уг үйлдлээ нуун далдлах зорилгоор хүүхдийг зодож, амь насыг нь хохироосон гэж шүүх тогтоожээ. Түүнчлэн хүүхэдтэй удаа дараа хэрцгий харьцаж, бие махбод, сэтгэл санааны шаналал учруулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон байна.

Хэргийн материалд дурдсанаар, хүүхэд хойд эцэгтээ зодуулж гэмтсэний дараа яаралтай эмнэлгийн тусламж авахын оронд лам, бөөгөөр үзүүлэх зэргээр хугацаа алдсан байна. Улмаар хүүхдийн биеийн байдал хүндэрч, эмнэлэгт хүргэгдсэн ч Монгол Улсад эмчлүүлэх боломжгүй болсон аж.

Олон нийтийн хандивын тусламжтайгаар хүүг эмчлүүлэхээр Турк Улс руу авч явсан боловч харамсалтай нь хилийн чанадад амьсгал хураасан юм.

Харин хүүгийн эх Ц.Л-г хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэрэгт буруутайд тооцож, хоёр жилийн хорих ял оноожээ.

Шүүхээс М.Э-д оноосон бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.