0

Америкийн реппер Cardi B 34 насныхаа төрсөн өдрийг тохиолдуулан өөртөө гурван сая ам.долларын үнэтэй, ягаан өнгийн Rolex бугуйн цаг, долоон каратын байгалийн алмаазан бөгж бэлэглэжээ. Тэрбээр мөн ягаан өнгийн Hermès Mini Kelly гар цүнхээр тансаг хэрэглээний цуглуулгаа нэмэгдүүлсэн байна.
Аравдугаар сарын 11-нд төрсөн өдрөө тэмдэглэсэн дуучин бүсгүй эдгээр бэлгийнхээ талаар аравдугаар сарын 22-нд Instagram хуудсаараа дамжуулан хуваалцжээ. Тэрбээр ховор загварын бугуйн цагийг дэлхийн өнцөг булан бүрээс эрж олсон үнэт эдлэлийн худалдаачин Eric Mavani болон өөрт нь зориулан алмаазан бөгж урласан Pristine Jewelers компанид талархал илэрхийлсэн байна.
Түүний шинэ бугуйн цаг нь Rolex Daytona загварын, Барбигаас санаа авсан тусгай хийцтэй бүтээл аж. Ягаан индранил чулуу, алмааз, шар алтаар чимэглэсэн уг цаг нь ижил өнгийн оосортой бөгөөд дэлхийд ердөө 10 орчим ширхэг үйлдвэрлэгдсэн байж болзошгүй ховор загвар гэдгийг үнэт эдлэлийн худалдаачин Eric Mavani тайлбарлажээ. Түүний хэлснээр, худалдаанд байсан цорын ганц цагийг Cardi B-д зориулан олж өгсөн байна.
Дуучин бүсгүй цагийг зүүн гартаа зүүж үзэх үеэрээ өөрийгөө шаргуу хөдөлмөрлөснийхөө төлөө ийм бэлэг авах эрхтэй хэмээн хэлжээ.
Мөн Cardi B өөртөө зориулан захиалгаар хийлгэсэн долоон каратын байгалийн алмаазан бөгжөө танилцуулсан байна. Тэрбээр бөгжөө үнэт эдлэлийн цуглуулгатайгаа хослуулахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ.
Тансаг бэлгүүдийнхээ хамт дуучин бүсгүй bubblegum ягаан өнгийн, матт гадаргуутай матрын арьсан Hermès Mini Kelly цүнхээ мөн дэлгэсэн байна. Палладийн тоноглолтой уг цүнх нь ховор, эрэлт ихтэй загваруудын нэг юм.
Cardi B өмнө нь ч өөртөө үнэтэй бэлэг авч байсан удаатай. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сард эхэлсэн аялан тоглолтоо тохиолдуулан тэрбээр Audemars Piguet брэндийн Royal Oak Frosted Gold Double Balance Wheel Openworked загварын бугуйн цаг худалдан авчээ. Тус цаг нь 18 каратын царцсан алтан их биетэй бөгөөд нүүр хэсэгтээ солонгорсон өнгийн 32 ширхэг багет зүсэлттэй индранил чулуутай аж.
Дөрвөн хүүхдийн ээж Cardi B өөрийн хөдөлмөр, амжилтыг үнэтэй бэлгээр урамшуулдаг гэдгээ энэ удаа ч харууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.