0

Япон улс Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан томоохон түймрийн улмаас сүйдсэн байгаль орчныг сэргээхэд туслахаар ойн хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол Улсад илгээхээр болжээ.
Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги өчигдөр /2026.10.27/ хэвлэлийн бага хурлын үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Тэрбээр түймэрт өртсөн бүс нутгийг сэргээхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, түймрийн дараах нөхөн сэргээлт болон байгаль орчныг сэргээх чиглэлээр хүний нөөцийг бэлтгэхэд Монголын Засгийн газартай нягт хамтран ажиллана гэжээ.
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын мэргэжилтнүүд түймрийн улмаас учирсан хохирлыг үнэлж, цаашид хэрэгжүүлэх нөхөн сэргээлтийн арга хэмжээг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх юм байна.
Түймэр аравдугаар сарын 8-нд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан бөгөөд Японы харилцаа холбооны томоохон компани болох KDDI корпорацын Монгол дахь охин компани “Мобиком” корпорацын ажилтнуудын явж байсан автомашины доод хэсгээс утаа гарч, улмаар гал ойр орчмын өвс ургамалд тархсан гэж тус компани мэдээлжээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, түймэрт ойролцоогоор 530 мянган га талбай өртсөн бөгөөд үүний дотор Монгол, БНХАУ-ын хилийн ойролцоо орших Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувь хамрагдсан байна.
Японы талаас үзүүлэх тусламж нь түймрийн хохирлыг үнэлэхээс гадна шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, гал түймрийн дараах сэргээн босголт болон байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэжилтнүүдийг сургаж, чадавхыг бэхжүүлэхэд чиглэх аж.
Нөмрөгийн дархан цаазат газар нь зүүн бүсийн байгалийн экосистем, биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалахад чухал ач холбогдолтой нутаг юм. Иймд түймрийн дараах хохирлыг үнэлж, байгаль орчныг нөхөн сэргээхэд олон улсын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.