dobu.mndobu

67 настай Ван Хуйминь 65 сая ам.долларын авлигын хэргээр цаазаар авах ял сонслоо

67 настай Ван Хуйминь  65 сая ам.долларын авлигын хэргээр цаазаар авах ял сонслоо

БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулах хорооны /CSRC/ өндөр албан тушаал хашиж байсан Ван Хуйминь авлигын хэрэгт холбогдон, хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан цаазаар авах ял сонсжээ. Түүнийг 436 сая гаруй юань буюу ойролцоогоор 65 сая ам.доллар буюу ойролцоогоор 233.7 тэрбум төгрөгийн авлига авсан гэж үзсэн байна.

Хятадын Сычуань мужийн Чэнду хотын Дунд шатны ардын шүүх аравдугаар сарын 27-ны мягмар гарагт түүнд холбогдох хэргийг хэлэлцэж, шийдвэрээ танилцуулжээ. Шүүхийн дүгнэлтээр, Ван Хуйминь нь төрийн албан тушаал хашиж байх хугацаандаа их хэмжээний авлига авсан бөгөөд энэ нь төр, ард иргэдийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан гэж үзсэн байна.

Шүүхийн шийдвэрт “Хэргийн авлигын хэмжээ онцгой их бөгөөд төр, ард түмний ашиг сонирхолд учруулсан хохирол маш хүнд тул цаазаар авах ял ногдуулах үндэслэлтэй” гэж дурджээ.

Ван Хуйминь нь 2014-2019 онд Хятадын Үнэт цаасны зохицуулах хорооны Коммунист намын хорооны гишүүнээр ажиллаж байжээ. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгохын хариуд их хэмжээний мөнгө, эд хөрөнгийн ашиг хүртсэн хэрэгт буруутгагдсан байна.

Хятадын хууль тогтоомжийн дагуу хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан цаазаар авах ял нь шууд цаазлах шийдвэрээс ялгаатай. Тухайн хугацаанд ялтан санаатай шинэ гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд ялыг бүх насаар хорих эсвэл хуульд заасан бусад хэлбэрээр хөнгөрүүлэх боломжтой байдаг.

Энэ хэрэг нь Хятадын эрх баригчдын төрийн албан тушаалтнууд болон санхүүгийн салбарын авлигын эсрэг явуулж буй өргөн хүрээний кампанит ажлын хүрээнд гарч байна. Тус улсын Засгийн газар санхүүгийн зах зээлийн зохицуулалтыг чангатгах, төрийн албан тушаалтнуудын хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа юм.

Хятадын санхүүгийн салбарт авлигын эсрэг арга хэмжээ эрчимжиж буй нь үнэт цаасны зах зээлийн хяналт, зохицуулалт болон төрийн байгууллагын ил тод байдалд тавих шаардлагыг нэмэгдүүлж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.