0

Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн хүнд суртлыг бууруулах, бизнес эрхлэхэд тулгарч буй захиргааны саадыг арилгах зорилготой “Хууль зүйн салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” сэдэвт арга хэмжээ өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Засгийн газрын XI байрны 1 дүгээр давхарт байрлах “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д эхэллээ.
Арга хэмжээг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Мөнх-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан нар нээж үг хэлэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Д. Мөнх-Эрдэнэ “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хууль зүйн салбарын 7 төрлийн тусгай, 17 төрлийн энгийн зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргэж байгааг онцоллоо. Мөн 1,360 гаруй эрх зүйн актад дүн шинжилгээ хийж, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж буй зохицуулалтыг шинэчлэх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай, иргэн, бизнес эрхлэгчдэд ээлтэй болгох шаардлагатайг тэмдэглэв.
Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа. Тус төв 10 дугаар сарын 12-ноос хойш 13 яам, 25 агентлаг, 9 дүүргийн 39 төрийн албан хаагчийн оролцоотойгоор 450 орчим иргэн, аж ахуйн нэгжид зөвлөгөө, мэдээлэл хүргэж, зөвшөөрөл олгох байгууллагын уялдаа холбоог сайжруулан төрийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж, иргэд, бизнес эрхлэгчдэд чирэгдэлгүй, шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгааг онцоллоо.
Арга хэмжээний хүрээнд бусад илтгэгч Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт, хууль зүйн салбарын зөвшөөрөл олгох үйл явц, хяналт шалгалт, цахим системийн шинэчлэл, түүнчлэн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Үүнд:
Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын ахлах мэргэжилтэн Л. Бат-Эрдэнэ “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн гол өөрчлөлт, хэрэгжилт”, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын Ахлах мэргэжилтэн М.Ганбаатар “Зөвшөөрөл шийдвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, дүн шинжилгээ” сэдвээр тус тус танилцуулга хийв.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга Б.Түвшинбаяр “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой захиргааны хэм хэмжээний актын үр дагаварт хийсэн шинжилгээ, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, анхаарах асуудал”, тус яамны Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн ахлах шинжээч Э.Нансалмаа “Хууль зүй, дотоод хэргийн яам, харьяа агентлагуудаас олгох зөвшөөрөл, төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл”
Мөн Цагдаагийн ерөнхий газрын Зөвшөөрөл, үйлчилгээний төвийн дарга, цагдаагийн хурандаа Д.Наранбаатар “Цагдаагийн байгууллагаас олгох зөвшөөрөл, төрийн үйлчилгээний цахимжилт, цахим системийн үйл ажиллагаа”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үзүүлэх төрийн үйлчилгээ, цахимжилт” сэдвээр тус тус танилцуулга хийв.
Арга хэмжээний төгсгөлд Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-ын Төсөв, санхүүгийн инновац, хөгжүүлэлтийн газрын дарга Б.Төгөлдөр зөвшөөрлийн цахим системийн боломж, өөрчлөлтийн талаар танилцуулж, оролцогчид асуулт, санал хүсэлтээ илэрхийлэн, харилцан мэдээлэл солилцлоо.
Тус арга хэмжээ 11 дүгээр сарын 3-ныг дуустал үргэлжлэх бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагийн албан хаагчид зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомж, шаардлага, үзүүлдэг үйлчилгээний хүрээнд иргэн, бизнес эрхлэгчдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэж, санал хүсэлтийг хүлээн авна.
Мөн арга хэмжээний өдрүүдэд холбогдох яам, агентлагийн албан хаагчид иргэн, бизнес эрхлэгчдэд зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомж, шаардлагын талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, санал хүсэлтийг хүлээн авна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.