0

АНУ-ын Нью-Йорк хотод арваннэгдүгээр сарын 1-нд болсон TCS New York City Marathon уралдааны үеэр 24 настай Рэйчел Апа ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн ч нас баржээ. Тэрбээр анх удаа бүтэн марафонд оролцож байсан бөгөөд барианд ороход ердөө 3.2 км орчим зай үлдээд байжээ.
Р.Апа марафоны 38 км-ийн орчимд, Нью-Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнд гүйж байхдаа гэнэт ухаан алдан унасан байна. Тухайн үед ойр байсан хүмүүс түүнд зүрх, уушгины сэхээн амьдруулах тусламж үзүүлж, улмаар уралдааны эмнэлгийн баг яаралтай тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэжээ. Эмч нар зургаан цаг гаруй амь насыг нь аврахаар ажилласан ч тухайн өдрийн орой 21:40 цагт нас баржээ.
Талийгаачийн аав Стив Апа охиныхоо гүйлтийг Пенсильвани дахь гэрээсээ марафоны аппликейшнээр дамжуулан хянаж, замын турш мессежээр холбоотой байжээ.
Рэйчел уралдааны эхэнд аавдаа “Үнэхээр сайхан байна. Өмнө нь хэзээ ч ингэж сайхан мэдэрч байгаагүй” хэмээн бичсэн байна. Харин аав нь анхны марафон учраас өөрийгөө хэт ачаалахгүй, хурдаа тохируулан гүйхийг зөвлөж байжээ.
Гэвч гүйлтийн 29 км-ээс эхлэн Рэйчел бие нь өвдөж байгааг аавдаа мессежээр мэдэгдсэн байна. Аав нь охиноо хурдаа тохируулахыг сануулсаар байжээ. Тэмцээний 37 км-т “Хурд чухал биш, барианд орох нь чухал” хэмээн бичсэн боловч удалгүй охиных нь байршил марафоны аппликейшн дээр хөдлөхөө больсон байна. Тэрбээр дахин мессеж илгээсэн ч охиноосоо хариу авч чадаагүй аж.
Стив Апа охиноо эрүүл чийрэг, спортоор тогтмол хичээллэдэг, марафонд оролцохын тулд хэдэн сарын турш бэлтгэл хийсэн хэмээн ярьжээ.
Түүний аавын мэдээлснээр эмч нар Р.Апаг рабдомиолиз буюу булчингийн эд гэмтэж, задарснаар түүний агууламж цусанд орж, бөөр зэрэг эрхтнийг гэмтээх аюултай ховор эмгэгээр өвчилсөн гэж оношилсон байна. Хэт их биеийн ачаалал нь уг эмгэгийг өдөөх хүчин зүйлсийн нэг болдог аж. Гэхдээ АНУ-ын шүүх эмнэлгийн байгууллага нас баралтын албан ёсны шалтгааныг тогтоохоор шалгаж байгааг Associated Press мэдээлжээ.
Рэйчел Апа 2024 онд Бакнеллийн их сургуулийг төгссөн бөгөөд тус сургуулийн талбайн хоккейн багт дөрвөн жил тоглож байсан тамирчин юм. Мөн тэрбээр ажлынхаа хажуугаар бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрт суралцаж байжээ.
Тэрбээр 2022 онд Паркинсоны өвчний улмаас нас барсан өвөөгийнхөө дурсгалд зориулан Паркинсоны санд хандив цуглуулах зорилгоор марафонд оролцсон байна. Р.Апагийн эхлүүлсэн 4000 ам.долларын хандивын аян түүнийг нас барсан тухай мэдээлэл тарсны дараа зорилтот хэмжээнээсээ давж биелжээ.
Марафоныг зохион байгуулагч New York Road Runners байгууллагаас Рэйчелийн гэр бүл, найз нөхөд болон гүйлтийн спортын хамт олонд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Хуваалцах:
Хонконгийн ардчиллын төлөөх жагсаалын тэмцэгч Жошуа Вонг дахин 10 жилийн хорих ял сонслоо
4 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.