0

Хонконгийн ардчиллын төлөөх хөдөлгөөний гол төлөөлөгчдийн нэг Жошуа Вонг гадаадын улс орнуудтай хуйвалдаж, Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалсан хэрэгт буруутгагдан дахин 10 жилийн хорих ял сонслоо.
Өдгөө 30 настай Вонг 2014 онд Хонконгийн “Шүхрийн хөдөлгөөн” нэртэй ардчиллын төлөөх жагсаалын үеэр олны танил болсон юм. Тэрбээр түүнээс хойш хэд хэдэн удаа баривчлагдаж, нийтдээ бараг зургаан жилийг шоронд өнгөрүүлжээ.
Хонконгийн эрх баригчид түүнийг бусад улс орон, байгууллагатай хамтран санхүүгийн төв болон Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахыг оролдсон гэж буруутгасан байна. Энэ хэрэгт Бээжингийн 2020 онд Хонконгод хэрэгжүүлсэн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг үндэслэжээ.
Шүүхээс Вонг болон одоо гадаадад цөллөгт амьдарч буй ардчиллын идэвхтэн Натан Лоу нарыг үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хуйвалдааны гол зохион байгуулагчид гэж тодорхойлсон байна.
Шүүгч Уильям Там Вонгийн үйлдлийг хүнд гэмт хэрэг гэж үзэж, анх 13 жилийн хорих ял оноохоор тооцсон ч тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул ялыг 10 жил болгон бууруулжээ.
Вонг өмнө нь үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу “төрийн эсрэг тэмцсэн” хэрэгт буруутгагдан дөрвөн жил найман сарын ял эдэлж байсан юм. Тэрбээр 2027 онд суллагдана гэж найдаж байсан ч ял нь нэмэгдсэнээр суллагдах хугацаа нь хойшилж, 2036 оны сүүл хүртэл хоригдохоор болжээ.
Шүүхийн шийдвэрийн дараа Вонг дэмжигчдэдээ талархал илэрхийлж, гараа далласан байна. Түүний зарим дэмжигч нулимс дуслуулан, суллагдахыг нь хүлээхээ хэлжээ.
Харин Вонг шүүхэд хүргүүлсэн захидалдаа шоронд өнгөрүүлсэн он жилүүд амьдралынх нь хамгийн гүн гүнзгий сургамж болсон хэмээн бичсэн байна.
Хүний эрхийн олон улсын байгууллагууд түүний ялыг шударга бус, хэт хатуу шийдвэр хэмээн шүүмжилж, гадаадын улс орнуудыг Хонконгийн эрх баригчдад хариуцлага тооцохыг уриалжээ. Харин Хонконгийн цагдаагийн Үндэсний аюулгүй байдлын газрын төлөөлөгч уг шийдвэрийг сайшааж, Вонгийн хориг арга хэмжээ авах оролдлого бүтэлгүйтсэнийг харууллаа гэж мэдэгдсэн байна.
Вонг 2019 онд Хонконгод өрнөсөн ардчиллын төлөөх томоохон жагсаалын үеэр АНУ-д айлчилж, Хонконгийн хүний эрх, ардчиллыг хамгаалах тухай хуулийг дэмжих чиглэлээр ажиллаж байжээ. Улмаар уг хууль АНУ-д батлагдсан юм.
2020 онд Бээжин Хонконгод Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлснээс хойш ардчиллын төлөөх олон идэвхтэн баривчлагдаж, зарим нь хотоос дүрвэн гарсан байна.
Хуваалцах:
Хонконгийн ардчиллын төлөөх жагсаалын тэмцэгч Жошуа Вонг дахин 10 жилийн хорих ял сонслоо
4 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.