dobu.mndobu

“Badly in Love” реалити шоуны од Ассун зөвшөөрөлгүй шөнийн цэнгээний газар ажиллуулсан хэрэгт баривчлагджээ

“Badly in Love” реалити шоуны од Ассун зөвшөөрөлгүй шөнийн цэнгээний газар ажиллуулсан хэрэгт баривчлагджээ

Netflix-ийн “Badly in Love” болон “Last Call” реалити шоунд оролцож олны танил болсон Японы инфлюенсер Ассун зөвшөөрөлгүй энтертайнмент үйлчилгээ эрхэлсэн хэрэгт холбогдон баривчлагджээ.

31 настай түүний жинхэнэ нэрийг Асүка Огүри гэдэг бөгөөд Нагоя хотод болсон уг хэрэгт өөр хоёр хүний хамт баривчлагдсан байна. Тэрбххээр Японы шөнийн амьдралын салбарт кабаре клубын ажилтнаар ажилладаг бөгөөд Instagram хуудсандаа 800 мянга гаруй дагагчтай юм.

Айчи мужийн цагдаагийн газраас мэдээлснээр, сэжигтнүүд Нагоя хотод шаардлагатай тусгай зөвшөөрөлгүйгээр шөнийн цэнгээний газар ажиллуулж, үйлчлүүлэгчдэд хөтлөгч эмэгтэйтэй үйлчилгээ үзүүлдэг байсан байж болзошгүй аж.

Цагдаагийн байгууллага ням гарагт тус байгууллагыг багтаасан нийт есөн газарт нэгжлэг хийж, үйлчилгээний зааварчилгааны материал, ойролцоогоор 16 сая иенийн бэлэн мөнгө болон бусад эд зүйлсийг хураан авчээ.

Тус газрыг 36 настай Шинго Куросаки удирддаг байсан бөгөөд шөнийн 23:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл ажилладаг байжээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Ассун ажилладаг байсан кабаре клуб хаагдсаны дараа үйлчлүүлэгчдийг уг газарт чиглүүлж, шөнийн үйлчилгээ үргэлжлүүлэн үзүүлдэг байсан байж болзошгүй гэж үзэж байна.

Уг хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа өнгөрсөн наймдугаар сард эхэлсэн бөгөөд шөнийн цагаар тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирснээр шалгаж эхэлжээ.

Ассуныг баривчилсан тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж буй гол шалтгаан нь түүний реалити шоуны од гэдэг статустай холбоотой юм. Тэрбээр Netflix-ийн Японы болзоо, харилцааны тухай “Badly in Love” шоунд оролцсоноороо танигдсан билээ.

Тус шоу нь өмнө нь сахилгагүй, дүрэм зөрчдөг байсан залуусын хайр дурлал, нөхөрлөл болон хамтын амьдралыг харуулдгаараа онцлогтой.

Одоогоор цагдаагийн байгууллагаас сэжигтнүүд хэргээ хүлээсэн эсэх, эсвэл өөрсдийн эсрэг тавьсан мэдэгдлийг няцаасан эсэх талаар мэдээлэл өгөөгүй байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.