0

Украин эмэгтэйн гомдлын дараа Британийн John Lewis дэлгүүр орос матрёшка хүүхэлдэйг худалдаанаас хасжээ
Их Британийн алдартай жижиглэн худалдааны сүлжээ John Lewis Украин эмэгтэйн гаргасан албан ёсны гомдлын дагуу Оросын матрёшка буюу давхарлан угсардаг модон хүүхэлдэйг бүтээгдэхүүний жагсаалтаасаа хассан байна.
Украины иргэн Тетяна Закалиужна тус дэлгүүр Оросын уламжлалт матрёшка хүүхэлдэйг “Wooden Stacking Doll” нэрээр худалдаалж байгааг олон нийтийн сүлжээнээс олж харжээ. Тэрбээр үүнд цахим орчинд шүүмжлэл бичихээс илүүтэйгээр компанид албан ёсны гомдол гаргахаар шийдсэн байна.
Тетяна гомдолдоо дайны улмаас эх орондоо таван жилийн турш буцаж очиж чадаагүй бөгөөд нөхөр нь Украины фронтын шугамд эх орноо хамгаалан тулалдаж байгааг дурджээ. Мөн Оросын түрэмгийллийн улмаас амь үрэгдсэн Украины хүүхдүүдийн талаар хөндөж, Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон НҮБ-ын тайлан, мэдээллээс баримт хавсаргасан байна.
Тэрбээр “Их Британийн хамгийн нэр хүндтэй брэндүүдийн нэгийн Зул сарын баярын бүтээгдэхүүний цуглуулгад ийм чимэглэл хэрхэн багтсан талаар би асуусан” хэмээн ярьжээ.
Анх John Lewis компанийн төлөөлөгчид уг асуудлын эмзэг байдлыг ойлгож байгаагаа илэрхийлэн, гомдлыг нягтлан шалгахад нэмэлт хугацаа хүссэн байна.
Улмаар арваннэгдүгээр сарын 11-нд Тетяна компанийн зүгээс Оросын матрёшка хүүхэлдэйг бүтээгдэхүүний нэр төрлөөс хассан тухай албан ёсны мэдэгдэл гаргажээ.
Ийнхүү нэгэн хэрэглэгчийн гаргасан албан ёсны гомдлын үр дүнд Британийн томоохон худалдааны сүлжээ бүтээгдэхүүнийхээ сонголтод өөрчлөлт оруулсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.