dobu.mndobu

Энэтхэгийн нийслэл Нью-Дели дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой томоохон хотуудын жагсаалтыг тэргүүлжээ

Энэтхэгийн нийслэл Нью-Дели дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой томоохон хотуудын жагсаалтыг тэргүүлжээ

Энэтхэгийн нийслэл Нью-Дели хот арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Пакистаны Лахор хотыг давж, дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой томоохон хотуудын жагсаалтад нэгдүгээр байрт бичигджээ.

Швейцарт төвтэй агаарын чанарын хяналтын байгууллага IQAir-ийн мэдээлснээр, тухайн өдөр Нью-Дели хотын агаарын чанарын индекс (AQI) 334 хүрч, “аюултай” түвшинд хүрсэн байна. Харин Энэтхэгийн Төв агаарын бохирдлын хяналтын зөвлөл (CPCB) тус хотын AQI-ийг 403 гэж хэмжиж, “маш хүнд” ангилалд багтаажээ.

Хоёр байгууллагын хэмжилтийн үзүүлэлт зөрүүтэй байгаа нь агаарын чанарын индексийг тооцоолох аргачлал, ашигладаг хэмжүүрийн ялгаатай холбоотой аж.

Тухайн үед Нью-Дели хотын 20 сая орчим оршин суугч өтгөн утаа, манан дунд амьдарч, үзэгдэх орчин эрс муудсан байна. Автомашин, мотоциклын хөдөлгөөн болон хотын гол замууд өтгөн утаанд бүрхэгдэж, гудамжны гэрлүүд хүртэл бүдэг харагдаж байжээ.

Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар, Энэтхэгийн хойд хэсэг болон Пакистанд өвлийн улиралд агаарын бохирдол эрс нэмэгдэх хандлагатай байдаг. Учир нь хүйтэн, тогтуун агаарын нөхцөлд автомашины утаа, барилгын тоосжилт, үйлдвэрийн ялгаруулалт болон хөдөө аж ахуйн ургамлын үлдэгдэл шатааснаас үүсэх утаа газрын гадаргад хуримтлагддаг байна.

Харин Лахор хотын агаарын чанар тухайн өдөр харьцангуй сайжирч, IQAir-ийн цагийн хэмжилтээр агаарын чанарын индекс 155 болж, дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын жагсаалтын долдугаар байрт бичигджээ.

Ийнхүү өмнөх өдрүүдэд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор нэрлэгдэж байсан Лахорын байр суурийг Нью-Дели эзэлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.