0

БНСУ-ын BTS хамтлагийн гишүүн Жей-Хоуп 2022 оноос хойш Бусан хотын золбин амьтдыг хамгаалах асрамжийн газарт тогтмол тусламж үзүүлж байгаа бөгөөд тус байгууллагын зүгээс түүний олон жилийн дэмжлэгт талархал илэрхийлжээ.
Тэрбээр энэ жил ч мөн адил асрамжийн газрын амьтдад зориулан хоол хүнс хандивласан байна. Жей-Хоуп 2022 онд тус асрамжийн газар 50 гаруй эзэнгүй нохойг асран хамгаалахад хүндрэлтэй байгааг мэдэж, анх тусламж үзүүлж эхэлжээ. Тухайн үедээ шинэ байр барихад нь ч санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Жей-Хоуп анх ээжээрээ дамжуулан нэрээ нууцлан хандив өгдөг байсан ч асрамжийн газрын зүгээс түүний сайн үйлсийг олон нийтэд хүргэхийг хүсэж, хоёр жилийн турш зөвлөсний эцэст энэхүү мэдээллийг ил болгожээ.
Түүнчлэн түүний гэр бүл Микки нэртэй Ши-тцу үүлдрийн золбин нохойг үрчилж авч байсан аж. Харин Жей-Хоуп цэргийн алба хааж байх хугацаандаа ч амьтдад туслахаа зогсоолгүй, сайн дурын малын эмч нарт зориулан хүнсний хөнгөн зууш илгээж байжээ.
Түүний энэхүү сайн үйлсээс урам авсан шүтэн бишрэгчид нь ч мөн хандивын аянд нэгдэж, эзэнгүй болон хаягдсан амьтдыг хамгаалах үйлсэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Ийнхүү Жей-Хоуп зөвхөн уран бүтээлээрээ бус, эзэнгүй амьтдын амьдралд бодит тус хүргэж буй үйлдлээрээ олон хүнд үлгэр дуурайл үзүүлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.