0

Оскарын шагналт жүжигчин Энн Хэтэуэй нөхөр Адам Шульманы хамт гурав дахь хүүхдээ өлгийдөн авч, бүл2 нэмлээ.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 17-нд Нью-Йорк хотод нярай хүүхдээ тэвэрсэн байдалтай явж буй нь гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Улмаар түүний гурав дахь хүүхдээ төрүүлсэн тухай мэдээлэл олон нийтэд түгжээ.
Энн Хэтэуэй болон Адам Шульман нар 2012 онд гэрлэсэн бөгөөд өмнө нь 10 настай Жонатан, 2019 онд төрсөн Жек хэмээх хоёр хүүтэй юм. Хосууд хүүхдүүдийнхээ хувийн амьдралыг олон нийтийн анхаарлаас хол байлгахыг эрхэмлэдэг.
Жүжигчин бүсгүй энэ оны зургадугаар сард гурав дахь хүүхдээ тээж буйгаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан зарласан. Тэрбээр тухайн үедээ жирэмсэн болсноо мэдэгдэж, гэр бүлийнхээ шинэ гишүүнийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлж байжээ.
Мөн долдугаар сард “Late Night With Seth Meyers” нэвтрүүлэгт оролцохдоо удахгүй мэндлэх хүүхдээ гэр бүлийнх нь гэнэтийн бэлэг хэмээн тодорхойлсон байна.
Энн Хэтэуэй энэ онд уран бүтээлийн хувьд тун завгүй ажиллаж, “The Devil Wears Prada 2”, “The Odyssey”, “Mother Mary” зэрэг хэд хэдэн кинонд дүр бүтээжээ. Тэрбээр жирэмсэн байх хугацаандаа ч киноныхоо сурталчилгаа, нээлтийн арга хэмжээнүүдэд оролцож байсан бөгөөд одоо гэр бүлдээ илүү их цаг зарцуулах хүсэлтэй байгаагаа өмнө нь ярьсан байна.
Харин шинээр мэндэлсэн хүүхдийнх нь нэр, хүйс болон төрсөн яг огноог гэр бүл одоогоор олон нийтэд мэдээлээгүй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.