0

Норовын Алтанхуяг Ерөнхийлөгчийн сунгааг тэргүүллээ гэдэг зохиомол пи арыг бишгүйдээ л харж байгаа биз дээ. Үнэндээ хэнээс, хэзээ, яаж авсан нь тодорхойгүй хоногшуулах, үнэхээр илүү байгаа юм байна гэсэн итгэл үнэмшил төрүүлэхүйц сурталчилгааг тэр хийж байна.
Н.Алтанхуяг 5 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд, Монгол Улсын Ерөнхий сайдаар дөрвөн удаа томилогдон ажилласан намтартай. Өнөөдөр харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сунгаанд Ардчилсан нам дотроо өрсөлдөж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно хэмээн мэдэгдээд байгаа. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Ганбат, Л.Гантөмөр нар сунгаанд өрсөлдөхөө албан ёсоор илэрхийлсэн.
Эдгээрээс хамгийн шаанстай нь Н.Алтанхуяг өөрийгөө хэмээн дөвийлгөж, хэвлэл, пи ард харамгүй мөнгөө зарж сууна. Тэрбээр судалгааг өнгөлж байна гээд итгэлээ гэхэд үнэндээ Ардчилсан намын лидерийн хомсдолд орчихож. Н.Алтанхуягаас өөр нэр дэвшигчгүй, итгэл үзүүлэх хүнгүй болно гэдэг үнэндээ “гамшиг” юм.
Ардчилсан намын даргаар ажиллаж байхдаа Ардчилсан намыг байргүй болгож гудамжинд гаргасан талаар намынхан нь ярьдаг. Тус намын Төв байр байсан Соёлын төв өргөөний “хүзүүвч”-ийг долоон тэрбум төгрөгөөр зарсан асуудал нь гишүүдийнхээ бухимдлыг дөгөөдөг. Түүнийг Ардчилсан намын даргаар ажиллаж байх үед буюу 2013 оны 9 дүгээр сарын 27-нд намынх нь дансанд долоон тэрбум төгрөг “Дуудлага худалдааны дэнчингийн төлбөр шилжүүлэв” гэдэг утгатайгаар орсон гэгддэг. Гэвч ганцхан жилийн дараа буюу 2014 оны 9 дүгээр сарын 25-нд уг дансанд 45 мянган төгрөг үлдсэн байсан талаар хэвлэлүүд баахан шуугьсан. Түүнээс хойш Ардчилсан намынхан арай л айлын хажуу өрөө хөлсөлж суусангүй дээ.
Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад түүний танхимын Зам, тээврийн сайд Х.Баттулга “Заналтайгаар огцруулна” хэмээн мэдэгдэж, заналтайгаар огцруулсан. Харин Н.Алтанхуяг огцруулсан Их хурлын гишүүдийн нэрсийг хэвлэж аваад ханандаа өлгөн, “Энэ нэрсийг өглөө сэрэх бүрдээ харж байх болно” хэмээн ярьж байсан удаатай. Товчхондоо, тэр жижиг биед баймгүй том хорсол тээж авдаг талаар намынхан нь шивэр авир гэдэг.
Түүнийг Ерөнхий сайдаар ажилласан он жилүүдэд уул уурхайн салбарын эхэлж, 17 хувьд хүрээд байсан Монгол Улсын эдийн засаг шаландаа хүртлээ унасан. Хөрөнгө оруулагчид монголоос дүрвэж, олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагууд бодлогын алдааг нь тайландаа дурдсан байдаг. ОУВС-гийн 2017 оны тайланд Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 онд 4.5 тэрбум ам.доллар орчим байсан бол 2014 оны 11 дүгээр сард Н.Алтанхуяг Ерөнхий сайдын ажлаа өгсний дараа 2015 онд бараг тэг болсон гэж тэмдэглэн үлдээсэн нь бий.
ОУВС-гийн 2015 оны тайланд 2012-2014 онд төсвийн болон төсвөөс гадуурх хөрөнгө оруулалтын нийлбэр ДНБ-ий бараг 15 хувьтай тэнцэж, нэгдсэн төсвийн алдагдал дунджаар ДНБ-ий 10 орчим хувь байсан гэж дүгнэжээ. Энэ хугацаанд улсын өр ДНБ-ий 75 хувиас давсан гэж мэдээлсэн байдаг. Ийм л бодлого хэрэгжүүлсэн хүн өнөөдөр Монголын топ улстөрчөөр нэрлэгдсэн гээд бодохоор итгэхийн аргагүй байгаа биз.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2012 онд 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд, 2014 онд 30 иений Самурай бонд гарган ёстой дураараа зарцуулан, туйлсан байдаг. Энэ талаар АТГ-ын дарга Х.Энхжаргал УИХ-ын байнгын хорооны хуралдаанд оролцохдоо “Баахан бондуудыг гаднаас зээлж аваад, тэрийгээ баахан үрчихээд 2015 онд Өршөөлийн хууль гаргаад 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн. Өөрөөр хэлбэл хууль бусаар олсон, хууль бусаар тайлагнаагүй 33 их наяд төгрөгөө өөрсдөө гаргасан. Энэ нь олон улсын бүх байгууллага дээр очоод Монгол Улсын нэр пад хар болсон” хэмээн мэдэгдсэн байдаг. Ийм л хүнд өнөөдөр Монголын лидер гэж өөрийгөө зарлаад явна.
Мөн өөрийнх нь ахлах зөвлөх, ойр тойрны хүмүүс нь утаагүй түлшний хэрэгт холбогдож хэдэн жил үйлээ үзсэн зэрэг түүнийг дагасан он жилүүдийн хар толбо одоо ч арилаагүй.
Тэр Ерөнхий сайдын суудлаас Х.Баттулга, УИХ-ын дарга З.Энхболд нарын шахалт дор бууж байлаа. Тунчиг гомдолтойгоор бууж байлаа. Сүүлд нь Х.Баттулга Ерөнхийлөгч болоход Ажлын албаны дарга, З.Энхболд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болж, тайраад тэнцүүлсэн мэт гурван нөхөр улсаар мөн л тоглосон.
Энэ удаа хамгийн өндөр рейтингтэй улстөрч хэмээн мэдэгдсэн Н.Алтанхуягийн хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд Увс аймаг буюу төрсөн нутагтаа нэр дэвшин өрсөлдөн ялагдаж байлаа. Тухайн үедээ мөн л Монголын шилдэг, хамгийн өндөр рейтингтэй улс төрч хэмээн шүтэгдэж явахдаа шившигтэйгээр унаж байсан юм. Сонгуулийн пи ардаа айхтар өндөр рейтингтэй улстөрч гэж итгүүлдэг ч начир дээрээ төрсөн нутгаасаа ч сонгогдож чаддаггүй улстөрч гэдгийг нутгийнхан нь хэлээд өгсөн юм.
Шадар сайд Н.Номтойбаяр “Ний нуугүй үнэнийг хэлэхэд Норовын Алтанхуяг дарга нэр дэвшээд Монгол Улсын Ерөнхийлөгч битгий болоосой л гэж боддог” хэмээн хэлчихлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.