dobu.mndobu

Ерөнхийлөгчийн сонгуульд “Үндэсний эвсэл” МАН-ын нэр дэвшигчийг дэмжиж орох уу

0

НийтлэлчAdmin

Огноо2026-11-24

Ерөнхийлөгчийн сонгуульд “Үндэсний эвсэл” МАН-ын нэр дэвшигчийг дэмжиж орох уу

Ийм нэг асуулт урган гарч байна. Угшил гарвалаа харсан ч, Засагт хамтарч байгаагаа бодсон ч Шадар сайд Н.Номтойбаярын тэргүүлсэн “Үндэсний эвсэл” Ерөнхийлөгчийн сонгуульд МАН талд гарах нь. Энэ нь өчигдөр түүний хэвлэлд өгсөн ярилцлагаас маш тодорхой харагдаж байгаа юм. 

2024 оны УИХ-ын сонгуульд “Үндэсний эвсэл” жагсаалтаар дөрвөн гишүүнтэй болж орж ирсэн. МАН-ын угшилтай Н.Номтойбаяр, А.Ундраа, АН-ын угшилтай Д.Пүрэвдаваа, М.Сарнай нар парламентын босго алхсан. 

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намууд хамтарч нэр дэвшүүлэх эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар зохицуулсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.”, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйл:

  • 27.2: Намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг нам тус бүр өөрийн төлөөллийн төв байгууллагын хурлаар шийдвэрлэнэ.
  • 27.3: Нам тус бүрийн шийдвэрт намын дарга гарын үсэг зурж, намууд хамтын ажиллагааны гэрээ байгуулна.
  • 27.4: Намууд хамтарч эвсэл байгуулан нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн бол тухайн намууд дангаараа болон бусад намтай хамтран дахин нэр дэвшүүлэхгүй хэмээн заачихсан. 

Эдгээр заалт нь намууд Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран нэг хүнийг нэр дэвшүүлэх боломжийг хуульчилсан гэсэн үг. “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн, Шадар сайд Н.Номтойбаяр “Монголын төрд өөрчлөлт хийж чадах, Ардын нам, Ардчилсан намаас итгэл төрүүлэхүйц хүн байх юм бол хамтраад дэмжих хуулийн зохицуулалт байгаа. Тиймээс Ардын нам, Ардчилсан намаас хэн нэр дэвших вэ гэдгийг харж байна. Үзэл бодол нийцэх хүн байвал хамтраад, дэмжээд явна. Юу нь болохгүй байгаа юм” хэмээн мэдэгдсэн билээ. 

Түүний энэ тайлбараас харахад эвсэл дангаараа нэр дэвшигчийг дэвшүүлэх сонирхол байхгүй байгаа нь харагдана. Хамгийн гол нь АН-д биш, МАН-д байсан хүний хувьд, МАН-ын дарга Н.Учралын тэргүүлсэн Засгийн газарт Шадар сайдын алба хашиж яваа хүний хувьд МАН-аас нэр дэвшигчийг дэмжиж сонгуульд орох нь үнэнд илүү ойрхон байна. 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.