dobu.mndobu

АН ялъя гэж байгаа бол О.Цогтгэрэлээсээ эртхэн сал

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-02

АН ялъя гэж байгаа бол О.Цогтгэрэлээсээ эртхэн сал

Урт удаан хугацаанд ялагдлын ёроолд тамга тэмдгийн хэрүүлтэй арван зүгтээ харчихсан АН-ыг Л.Гантөмөр эвлүүлэн, УИХ-д 42 суудалтай болгон О.Цогтгэрэлд хүлээлгэж өгсөн ч өнөөдөр тараахдаа тулчихсан сууна. Ёстой л зайрмаг хийж байхдаа таарсан явган бизнесмэн юм. Түүнд ямар ч улстөрчийн шинж, харизм  алга. Хамгийн наад зах нь өдгөө “Дээсэн дөрөөн дээр” яваа Засгийн газрыг унагаачих боломж олон гарч байгаа ч нүдээ аниад сууна. Магадгүй МАН-ын халаасанд орчихсон тийчилж байхыг ч үгүйсгэхээгүй харагдана.

“Ардчиллын гэрэгэ” нэртэй хавтас тарааж, олны доог тохуу болж явахаар сөрөг хүчнийхээ ажлыг хийж намдаа оноо халааслаач. Одоо ийм тэнэг зүйл яриад явахаар өрсөлдөгчид чинь бүү хэл АН-ынхан ч доог тохуу болж байгаа. “Ардчиллын гэрэгэ”-ээр АНУ-ын виз авахад давуу тал болно” гээд АН-ын гишүүдэд хоосон хавтас өгөхөөр цаадуул нь даргаасаа ичиж зугтаамаар санагдсан биз.  

Хамгийн наад зах нь Ц.Цогтгэрэл АН-ын дарга болчихсон байж УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлаа өгөхгүй давхар хашиж байгаа нь өөртөө итгэлгүй ихээхэн айдастай улстөрчийн дүр төрхийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл УИХ дахь намынхаа бүлгийг хяналтаасаа алдчихна гэсэн өчүүхэн айдастай сууж байгаа зэргээс харахад түүний цаашдын улс төр хол явахгүй. Их улс төрд урьд өмнө намын дарга бүлгийн даргын албатай давхар зууралдаж байсан түүх ч алга. Улс төрийн намын дарга, тэр тусмаа улс төрийн баруун жигүүр манлайлсан аварга том АН-ын дарга ийм өчүүхэн бодолтой, өндөр айдастай байхаар цаашид яах юм.

Нэгэн жишээ бий. О.Цогтгэрэл зөвхөн өнөөдөр дарга болчихсон юм биш, 2021 онд хоёр хуваагдсан АН-ын нэг жигүүрийнх нь буюу Х.Баттулгын талаас маргаантай ч гэсэн дарга болж ажилласан ч намаа өөрийн болгож чадаагүй. Тэр ч бүү хэл албан бус сэтэртэй АН-ыг улам нурааснаар өөрөө хаяад зугтаасан байх. Харин сүүлээ хавчаад зугтаж байсан нөхөр өнөөдөр эвлүүлж, ялалтын босгон дээр авчирсан нам авчихаад сууж байгаа нь яагаад ч ирээдүй харагдахгүй байна. Одоо ийм улс төрийн чиг шугамтай, айдас хүйдсээс өөр сэтгэлгээгүй болчихсон дарга айсуй 2028 оны сонгуульд намаа ялагдалд хөтлөөд хүргэнэ. Тэр үеэр ахиад л сүүлээ хавчаад зугтаах дүр төрх өнөөдөр л харагдаад эхэлжээ.

УИХ-д 42 суудалтай сөрөг хүчний дарга хүн ийм эгзэгтэй үед л жинхэнэ улс төр хийж байх учиртай ч тэр дүлий сохор мэт сууна. Уг нь МАН-ын рейтинг жилээс жилд унаж байсан бол одоо өдрөөс өдөрт унаж, айсуй 2028 оны сонгуульд ялагдах магадлал өндөр болчихлоо. Гэтэл сөрөг хүчний даргын байж байгаа царай. Өнгөрөгч намар МАН-ын үймээний үеэр Г.Занданшатар түүнд хандан “Өрсөлдөгчдөө намнахад тусла, хариуд нь Засгийн газарт хамтран ажиллая” гэсэн санал тавьсан дагуу “Тэсо” намаараа зүтгэсэн ч эцэст нь засаг ч үгүй, засаа ч үгүй үлдсэн. Г.Занданшатарт тонгоруулдаг намын дарга бүү хэл захын улстөрч гэж үгүй. Зөвхөн эндээс харахад “Тэсо” намын дарга бүү хэл улстөрч болоход хол байна.

Д.Дорлигжавын тордож зүлгэж өөд нь татсан О.Цогтгэрэл гэх нөхөр бизнесмэн болохоос огт улстөрч биш гэдгээ алхам тутамдаа харуулах болсон жишээ олон бий. Өргөж тэтгэсэн Д.Дорлигжав ч өөдтэй улстөрч байгаагүй. АН-ын даргаар ч ажиллаж л байсан ялагдал хүлээж байснаас өөд нар харж байгаагүй.

Тэгэхээр АН-ынхан үнэхээр сонгуульд ялна гэж бодож байгаа бол О.Цогтгэрэлээсээ эртхэн сал. Өвгөн гэхгүй бол Н.Алтанхуягтаа намаа өг. Залуу гэхгүй бол С.Эрдэнэболдоо өг. Тун болохгүй бол АН-ыг нэг удаа эвлүүлсэн Л.Гантөмөртөө өгсөн ч О.Цогтгэрэлээс алд дэлэм илүү. Эс тэгвэл цаг хугацаа хүлээхгүй. Өнгөрөгч 2012 онд АН-ыг ялж байхад идэрхэн байсан гишүүд буурал суучихсан явна. Ахиад хүлээнэ гэвэл тэдний нас шүд хүрэхгүй.

С.Данзан

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.