dobu.mndobu

АН-ын дарга О.Цогтгэрэл сонгогчдоо сөрж түүхэнд үлдэв

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-17

АН-ын дарга О.Цогтгэрэл сонгогчдоо сөрж түүхэнд үлдэв

АН-ын дарга О.Цогтгэрэл бодож бодож дэлхийн улс төрийн түүхэнд байхгүй сөрөх ажиллагаа зохион байгууллаа. Тэр “Н.Учралыг УИХ-ын даргаа өгөх хүртэл АН чуулганы хуралдаанд суухгүй” гэв. Мань эр эрх баригч намаа сөрж байгаа гэж бодсон бололтой. Гэтэл тэр УИХ-д 42 суудал өгсөн сонгогчдоо сөрөөд “алж” өгч байна. Үүгээрээ тэр Монголын төдийгүй дэлхийн улс төрийн түүхэнд тодорч үлдэнэ. Уг нь сонгогчид ажлаа сайн хий хэмээн итгэл хүлээлгэн, 42 суудал авахуйц санал өгсөн. Гэтэл О.Цогтгэрэл дарга өөрсдөө ажлаа хийхгүй байж эрх баригчдаа бас ажил хийлгэхгүй бойкотолж, ард түмнээ сөрж мунхаглав.

Гэхдээ энэ нь зайрмагчны улс төр биш л болов уу. Шуудхан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын улс орон, ард түмнээ хорлосон ээлжит улс төр харагдаж байна лээ. О.Цогтгэрэлд эхнээсээ улстөрчийн харизм, бодлого төлөвлөгөө байгаагүй л дээ. Хэрэв өөрийн толгойтой бол Х.Баттулгын үгээр ийм улс төр хийхгүй биз. 

Үнэхээр сөрөх гээд байгаа бол Монгол Улсын нийгэм, улс төр тэр чигээрээ сөрөх хэмжээнд байгаа. Ард олны амьдрал ахуй, нийгэм эдийн засгийн үзүүлэлт, хөшиж царцсан төслүүд гээд юу эс мундах билээ. Энэ бүгдийг явуулж байх ёстой Засгийн газрын байж байгаа царай төрх, Төрийн албаны бүтцээс эхлээд юу эс байх билээ. Нэн тулгамдаж байгаа асуудал гэвэл Хаврын чуулганаар 32 хууль тогтоомжийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн. О.Цогтгэрэлийн сөрөөд байгаа ард түмэн өнөөдөр гадаадын банк оруулж ирэх асуудлыг УИХ-аар хурдхан хэлэлцээд өгөөсэй гэж хүсэж байгааг нийгмийн хандлагаас харж болно. Гэтэл үүнийг шийд гэж сонгосон О.Цогтгэрэл нь сонгогчдодоо салаавч өгөөд суучихлаа.  

Үүнээс гадна Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн сэглэж орхисон олон төсөл хөтөлбөрийг хөдөлгөх ёстой. Гагцхүү сонгогч олон энэ бүгдийг хийж бай хэмээн итгэл хүлээлгэн, АН-ын 42 гишүүнийг сонгосон хэрэг шүү дээ. О.Цогтгэрэл үүгээрээ ард түмнээ сөрөөд зогсохгүй улс орноо сөрөөд зогсчихлоо. Эх орны олон бүтээн байгуулалтын төслийг УИХ-аар шийдвэрлэх гэж байхад ажлаа хаяж байгаа намын даргыг улс орноо сөрсөн гэнэ биз дээ. Парламент бол ард түмний төлөөллийн байгууллага, би тэднийг энд төлөөлж байгаа гэдгээ эрх биш ойлгодог байгаа. О.Цогтгэрэл төрчихсөн бизнесмен байж болох ч тордоод тордоод улстөрч болохгүй нөхөр гэдгээ алхам тутамдаа харуулж байна. 

Ямар сайндаа л “Ардчиллын гэрэгэ” нэртэй хавтас тарааж, олны доог тохуу болж явахав дээ. Ийм тэнэг зүйл яриад явахаар өрсөлдөгчид чинь бүү хэл АН-ынхан ч доог тохуу болоод өнгөрсөн. Ингээд зогсохгүй “Ардчиллын гэрэгэ”-ээр АНУ-ын виз авахад давуу тал болно” гээд АН-ын гишүүдэд хоосон хавтас өгөхөөр цаадуул нь даргаасаа ичиж зугтаамаар санагдсан биз.  

Ер нь бол 126 гишүүнтэй парламент 42 суудалтай АН-тай, АН-гүй асуудлаа шийдвэрлээд явж болно. Нийт гишүүдийн гуравны хоёроор асуудлаа хэлэлцэн батлаад явахад хууль эрх зүйн орчинд харшлахгүй. Парламентад байгаа бусад нам эвсэл хэдийгээр цөөн суудалтай ч О.Цогтгэрэл шиг сонгогчид болон улс орноо сөрж зогсохгүй. Ядахад тэд хэрхэн улс төр хийхээ мэднэ. Гэхдээ нийт сонгогчдын 33.3 хувийн санал авсан АН байх ёстой. О.Цогтгэрэл өөрөө ч та бүхний төлөө ажиллана, асуудлыг шийднэ гээд УИХ-д гуйж гувшин орж ирсэн биз дээ. Үүргээ биелүүлэх ёстойгоос гадна эх орон, ард түмнээ бодох ёстой. 

Тэгээд ч Н.Учрал намын дарга, УИХ-ын дарга байх эсэх нь сөрөг хүчинд хамаарах зүйл биш. АН-аас З.Энхболд УИХ-ын дарга, АН-ын даргаар ажиллаж л байсан. МАН-аас М.Энхболд ч УИХ, МАН-ын даргын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж л байсан. Үүнээс болоод улс орон сүйрчих гээд байгаа хэрэг огт биш. 

О.Цогтгэрэл хэн нэгний захиалгаар улс орноо сүйтгэж, ард түмнээ хорлох гээгүй юм бол ийм тэнэг сөрөх ажиллагаа гэж юу байх вэ. Ёстой л “Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэг болохыг мэдэхгүй юм гэхэд гадарлах учиртай хүн. Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагын гишүүн, тэр дундаа УИХ-д 42 суудалтай улс төрийн том хүчний дарга, УИХ дахь намын бүлгийн дарга юуны өмнө улс орноо, итгэл хүлээлгэн сонгосон ард түмнээ бодох ёстой атал хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулж явааг сонгогч олон харж байгаа. Түүнд “Энэ улс эх орон, ард түмэнд хортой тэнэг сөрөх ажиллагаа, улс төрөө боль” гэж ард түмэн итгэлээ өгсөн АН-ын бүлгийн гишүүд хэлэхгүй байна гэж үү. Тийм л юм бол та өөрөө эхлээд УИХ дахь АН-ын бүлгийн даргаа өгч, Намын даргаа хий, ажлаа хий.


С.Данзан 
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.