0

Төрийн ордонд өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж, тодорхой шийдэлд хүрээгүй ч бүлэг фракцууд тус тусын уулзалтыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын өрөөнд амьхан үргэлжлүүлсэн. Үүнээс хамгийн сонирхолтой нь Төрийн хоймроос шахагдсан УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан сайд асан С.Амарсайхан нарын Ерөнхийлөгчийн өрнүүлсэн уулзалт юм.
МАН-ын бүлгийн нэгдмэл байж чадахгүй, сөрөг хүчин чуулганы хуралдаан хаяснаар далимдуулан, УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдүүлэхгүй зэрэг олон шалтгаан нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар ба түүний нөхөд, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ ба залуусын багийн зөрчилдөөн гэдгийг бага ангийн сурагч ч мэдэхээр болтол ноололдож байна.
Тус уулзалтын үеэр Д.Амарбаясгалангийн талаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дөрвөн хүсэлт тавьжээ. Нэгдүгээрт, УИХ-ын дарга Н.Учрал Засгийн газраа байгуулах, хоёрдугаарт, Н.Учралын танхимд хоёр сайдын суудал авах, гуравдугаарт, С.Амарсайханыг УИХ-ын даргад томилох, дөрөвдүгээрт, шинээр бүрдэх Засгийн газарт Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилуулахгүй байх гэсэн хүсэлт тавьсныг эх сурвалж хэллээ. Ингэхдээ тэд “Бидний энэ хүсэлтийг хүлээж авбал УИХ-ын чуулганы хуралдаанаас эхлээд бүхий л үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно” гэсэн байна.
Хэвлэлүүд уг уулзалтыг шөнөжин үргэлжилсэн гэж дурдаж байгаа ч тэд Ерөнхийлөгчийн өрөөнд удаагүй. Чухам Ерөнхийлөгч юу гэж хариу өгсөн бол гэдэг нь таамаг хэвээр байгаа ч У.Хүрэлсүхийн өрөөнөөс гарч яваа С.Амарсайханы баргар царай, уруу дорой байдлаас харахад бүтэлтэй хариу аваагүй гэдэг нь тодорхой. Тэгэх ч байх. Өчигдөрхөн ажлаа өг, шалгуул гэж хөөж явуулчихаад хэргийг нь ч шалгаж амжаагүй байхад “Нааш ир ээ” гээд өндөр дээд суудал өгчих хүн нь Ерөнхийлөгч биш л болов уу. Тэнэг ч хэрэг болно.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатар лавтай суудлаа өгөхгүй гэдгээ бүлгийн хурлаар ч илэрхийлж, өөрөө ч цахим орчинд битүү хатуу мэдэгдээд эхэлчхэж. Н.Учралын хувьд бол яах аргагүй шахаанд байгаа учраас УИХ-ын даргын суудлаа хурдхан шиг өгчхөөд танхимаа байгуулах сонирхол бий. Даанч ах нар дохио өгөхгүй байна. Гэхдээ энэ бүх асуудал өнөөдөр болох МАН-ын бүлгийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар тодорхой болно.
Үнэнийг хэлэхэд эрх баригчид ч, сөрөг хүчин ч ажлаа хийхгүй бол дэлхий нийтэд аюулын харанга нэгэнт дэлдээд эхэлчихсэн байна. Дашрамд дурдахад Төрийн гурван өндөрлөгийн уулзалтуудаас гадна Төрийн ордонд бүлэг фракцууд хундага харшуулж маргаашийн улс төрөө өөр өөрийнхөөрөө зурцгаасан нь илт байлаа.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.