dobu.mndobu

Фельетон хөрөг: “Нэр тодроогүй баатрууд”-ын нэг

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-13

Фельетон хөрөг: “Нэр тодроогүй баатрууд”-ын нэг

Манай www.dobu.mn сайт уншигч та бүхэндээ УИХ-ын 126 гишүүдийг А-Я хүртэл нэрсийн дарааллаар сонгогч олонд Фельетон хөрөг хэлбэрээр хүргэж эхлээд байгаа билээ.

Фельетон хөрөг нийтлэл нь нийгмийн гаж үзэгдэл, албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал, эсвэл хүмүүсийн хэвшмэл буруу ойлголтыг егөөдөл, хошигнон шоглосон, ёгт хэлбэрийн шүүмжлэлээр илэрхийлсэн сэтгүүл зүйн төрөл юм. Энд хүн гүтгэхгүй, харлуулахгүй бодит нөхцөл байдлыг хүргэнэ.

Энэ удаад та бүхэндээ 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас УИХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Баян-Өлгий аймагт нэр дэвшиж 23,772 хүний санал авч сонгогдсон УИХ-ын гишүүн Тилеуханы Аубакерыг онцолж байна.

Ардын уран зохиолч Д.Цоодолын “Нэр нь тодроогүй баатрууд” хэмээх шүлэгт
“Нэр нь тодроогүй баатрууд минь Та нар
Нэлэнхүй энэ хорвоод яасан олон юм бэ
Бичих нэргүй, оноосон хөшөө ч үгүй
Биднээс чухам хичнээн нь буцсан юм бэ” гэж өгүүлдэг дээ. 

Энэ шүлгийг уншихаар Т.Аубакир гишүүний дүр төрх санаанд ургана. Тэр дуутай шуутай нэгэн байж болох ч парламентын босго давсан даруйд ард түмний нүд, чихэнд ийм дүр босгож өгсөн байх. Эсвэл Хууль тогтоох дээд байгууллагын танхимд орж ирсэн даруйд гэрэвшиж, сүрдсэн ч байж болно. Үнэхээр Т.Аубакир гишүүн нэрээ тодруулахаар Ж.Батзандан шиг цээжээ дэлддэггүй, С.Ганбаатар шиг цамнаад байдаггүй төрөлхийн бодь хүн байж болно. Эсвэл УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү, О.Содбилэг, Д.Батцогт, О.Батнасан нар шиг парламентад  чимээгүй ирээд чимээгүй буцах ч нэгэн байж болох юм. Одоо харин сайд болчихсон учраас яах аргагүй олны өмнө гарч үгээ хэлж байна. Ийм төрлийн гишүүд чимээгүй сууж байгаад кнопоо худалдчихдаг зантай.

Тэр парламентад үндэсний цөөнхөө төлөөлдөг. Уг нь бол Сэлэнгэ аймаг түүний төрж өссөн нутаг. Өдгөөгөөс 40 гаруй жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрж, 30-аад жилийн өмнө буюу 1992 онд 10 жилийн сургууль дүүргэжээ. Түүний намтарт 1992 оноос 1996 он хүртэл дөрвөн жилийн үйл явдал ил тод байдаггүй. Их хаадын намтар түүхээс нэгэн хэсэг хугацаа ор тас байдаггүй шүү дээ. Түүхчид хэлэхдээ хаад маань зүдэрч зовж ялагдаж явсан үеийнхээ намтрыг бичүүлж үлдээдэггүй гэдэг. Тэгэхээр Т.Аубакир гишүүн энэ дөрвөн жилд чухам юу хийж явав гэдэг нь ихээхэн сонирхол татна. 

Аль тэртээ 1992 онд дунд сургууль төгссөн нөхөр хожим 2000 онд Отгонтэнгэр их сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн хэмээн албан ёсны намтартаа шигтгэж өгсөн байна лээ. Гэхдээ “Отгонтэнгэр” сургуульд хуульч болохоор элссэн жилээсээ буюу 2000 оноос “Сэлэнгэ тариа” компанийн захирлаар ажилласан байдаг. Үүнээс харахад мань эр сурсан уу, ажилласан уу гэдэг нь ихэд бүрхэг. Харин 2006 оноос “Тариан цацал” компанийн захирлаар 2015 он хүртэл ажиллаж, амьдрал ахуйгаа өөд татсан нөхөр Гаалийн ерөнхий газарт Дотоод аудит, мониторингийн газрын даргаар анх удаа төрийн албаны босго алхсан түүхтэй. Богино хугацаанд барьцаа ахиулж, Гаалийн ерөнхий газрын Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч даргаар дэвшин ажилласан.

Энэ үед түүний овог удмын даамал Х.Баделхан Барилга, хот байгуулалтын сайдаар заларч, нөлөөтэй сайд ах нь эгчийнхээ хүүг энэ зэргийн албанд залгуулчих хэмжээний нөлөөтэй байлгүй яахав. Тэгээд ч тэр Х.Баделханы хүүгийн зам барилгын компанид зарим талаараа хамтран ажилладаг гэдгийг нутгийнхан хэлнэ лээ. Мөн тэр УИХ-ын гишүүн асан Г.Солтаны төрсөн ахынх нь хүү гэдэг. Энэ бүгдээс харахад Баян-Өлгий аймагт УИХ-ын гишүүн, сайд төрүүлдэг нэр хүнд бүхий удам судар, нэгэн том овог байна гэсэн үг.

Тэр өөрөө ч 2016 онд Хүнс хөдөө аж ахуйн Дэд сайдад нэр нь яригдаж байгаад нутгийн эгч Ж.Саулед мөргүүлчихсэн. Харин 2016 онд Ж.Саулег мөргөөд мандат авчихсан улс төрийн нимгэн намтартай. Ямартай ч нэр дэвших эрхийн мандатыг Ж.Саулегийн өмнүүр орж авна гэдэг амаргүй. Тэгээд ч намын бүтцэд нэр нөлөө бага нөхөр МАН-аас Баян-Өлгийд мандат авна гэдэг маш хэцүү. Ураг овгийн сайд дарга ах нарынхаа шууд дэмжлэг авахаас өөр аргагүй.

Бизнесийн салбарт байхаасаа л улс төрд горилж бэлдэж байсан нь 2008 оноос Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны даргаар ажиллаж эхэлсэн нь хэлээд өгнө. Нэгэнт улс төрд санаархсан бизнесмен нөхрийн хэтэвчийг гаалийн байгууллага зузаалж өгсөн гэх хардлага ч байдаг. Ийм олзноос зугтаах хүн үгүй ч тэр газар тариалангаас хангалттай мөнгө олдог “Улсын аварга тариаланч” хүн шүү дээ. Ааваасаа өвлөж авсан энэ бизнес, Сэлэнгийн үржил шимт газар нутаг түүнд ээл буянаа харамгүй өгсөн. Хамгийн багадаа Казакстан Монгол хоёрын дунд “хазаар гүйлгэдэг” нэртэй бизнесмен болгож өгсөн.

Гэхдээ Т.Аубакир ааваасаа өвлөж авсан газар тариалангаа хөгжүүлсэн, шинэ төрөл зүйл нэмсэн нь энэ салбарт шинэлэг зүйл байсан гэдгийг тариаланчид ярьдаг. Аливаа зүйл нь сүүдэр гэрэлтэй байдаг учраас үрийн будааны асуудлаар шүүхийн хаалга лав татаж байсан гэдэг. Бизнес хөдөлгөж байгаа хүнд энэ зэргийн зүйл байж таарна. Өдгөө 50 насны босго давж яваа ч улс төрд бол залуу хүн. Тиймээс ирээдүйд ямархан улстөрч болох, улс эх орондоо хэрхэн юу бүтээх нь түүний төсөөлөлд байж болох юм. 


С.Ууганбаяр

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.