0

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сон Хе Гё шинэ менежментийн агентлаг болох STAND-тай онцгой гэрээ байгуулжээ.
Агентлагийн зүгээс “Сон Хе Гётой хамтран ажиллах болсондоо бид нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна. Түүнийг уран бүтээл, дүрдээ бүрэн төвлөрч ажиллах боломжийг бүрдүүлж, анхаарал халамжтайгаар дэмжин ажиллах болно” гэжээ.
Мөн түүний БНСУ дахь төдийгүй олон улсын түвшинд хэрэгжүүлэх бүхий л уран бүтээл, үйл ажиллагаанд нь тууштай дэмжлэг үзүүлэхээ онцолсон байна.
Сон Хе Гё өнгөрсөн зургадугаар сард 14 жилийн турш хамтран ажилласан United Artists Agency (UAA) агентлагаасаа гарч байгаагаа зарласан юм. Тухайн үед UAA агентлаг жүжигчинтэй хамт өнгөрүүлсэн он жилүүдээ дурсахдаа түүний уран бүтээлүүд зөвхөн Солонгост төдийгүй Ази болон дэлхий дахинд олон үзэгчийн хайрыг татсаныг онцолж, хамтдаа ажилласан хугацаагаа аз жаргалтай, нандин дурсамж болон үлдэнэ хэмээн мэдэгдэж байв.
Тэрбээр удахгүй Netflix-ийн шинэ цуврал болох Tantara-д жүжигчин Гон Юүгийн хамт тоглоно. Энэ оны арванхоёрдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж буй уг бүтээл нь 1960-1980-аад оны Өмнөд Солонгосын энтертайнмент салбарын орчинд өрнөх бөгөөд шоу бизнесийн салбарт амжилтад хүрэхийг мөрөөдсөн хүмүүсийн тэмцэл, хүсэл эрмэлзэл, түүний төлөө гаргах золиосыг харуулах ажээ.
Цувралын зохиолыг It's Okay, That's Love, Our Blues зэрэг олонд танигдсан Солонгосын олон ангит киноны зохиолч Но Хи Гён бичиж байгаа юм.
Энэхүү бүтээлд Сон Хе Гё бага насандаа олон бэрхшээл туулсан ч бууж өгөлгүй, Солонгосын хөгжмийн салбарт амжилтад хүрэхээр зорьж буй Мин Жагийн дүрийг бүтээнэ. Харин Гон Юү түүний бага насны найз Дон Гүгийн дүрд тоглох бөгөөд Мин Жаг даган хөгжмийн ертөнцөд хөл тавих аж. Дон Гү нь замбараагүй, тааварлашгүй зан авиртай ч Мин Жад онцгой сэтгэлтэй нэгэн юм.
Сон Хе Гё нь Autumn in My Heart, Full House, Descendants of the Sun зэрэг алдартай олон ангит кино болон Netflix-ийн The Glory цувралд бүтээсэн дүрүүдээрээ олон улсын үзэгчдийн танил болсон билээ. Шинэ агентлагтайгаа хамтран ажиллаж эхэлснээр түүний цаашдын уран бүтээлийн замнал, олон улсын зах зээл дэх үйл ажиллагаа хэрхэн өргөжих нь олны анхаарлыг татаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.