dobu.mndobu

Испанид гурван хүүхдээ дөрвөн жил шахам гэрт нь хорьсон эцэг, эхийн ялыг өөрчилж, хүүхдүүдийг асрамжийн хамгаалалтад үлдээлээ

Испанид гурван хүүхдээ дөрвөн жил шахам гэрт нь хорьсон эцэг, эхийн ялыг өөрчилж, хүүхдүүдийг асрамжийн хамгаалалтад үлдээлээ

Испанийн Овьедо хотод гурван хүүхдээ 2021 оноос хойш гэрээс нь гаргалгүй, гадаад орчноос бүрэн тусгаарлан амьдруулж байсан Герман гаралтай хосын хэрэг дахин олны анхаарлыг татаж байна. Хүүхдүүдийг 2025 оны дөрөвдүгээр сард цагдаа нар аварсан бөгөөд эцэг, эх нь 2026 оны тавдугаар сард хорих ял сонссон ч долдугаар сард давж заалдах шатны шүүх ялыг өөрчилж, тэднийг суллах шийдвэр гаргажээ. 

Энэ хэрэг 2025 оны дөрөвдүгээр сарын 28-нд Овьедо хотын захын Фиториа дүүрэгт байрлах хувийн байшинд цагдаа нар шалгалт хийх үеэр ил болсон юм. Тухайн үед найман настай ихрүүд болон тэдний 10 настай ах, нийт гурван хүүхэд гэртээ удаан хугацаанд тусгаарлагдсан байжээ.

Хүүхдүүдийг гадаа тоглох, сургуульд явах, бусад хүмүүстэй харилцах боломжгүй байлгаж, гэр бүлийнхэн нь COVID-19-ийн халдвараас айсны улмаас амны хаалт тогтмол зүүлгэдэг байсан гэх мэдээлэл бий. Цагдаа нар байшинд нэвтрэхэд хүүхдүүд хэд хэдэн давхар амны хаалт зүүсэн байсан бөгөөд орчин тойрныхоо талаар мэдлэг, ойлголт маш хязгаарлагдмал байсныг мөрдөн шалгах ажиллагааны үеэр мэдээлжээ. 

Мөрдөн шалгах явцад байшин дотор их хэмжээний хог хаягдал, бохирдол, олон тооны эм бэлдмэл байсныг тогтоосон байна. Хүүхдүүд насандаа тохирохгүй хүүхдийн оронд унтдаг, сургуульд хамрагдаагүй, эрүүл мэндийн тогтмол хяналтад ороогүй байжээ. Мөн ихрүүдийг аварч авах үед тэд уншиж, бичиж сураагүй байсан тухай Испанийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа хөршийн гомдлоор эхэлсэн бөгөөд цагдаа нар хэд хоногийн турш байшинг ажиглахдаа хүүхдүүдийг гадаа гарч байгааг хараагүй аж. Улмаар хүүхдүүдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүй гэж үзэн нийгмийн халамжийн ажилтнууд болон орчуулагчийн хамт байшинд нэвтэрчээ.

Хүүхдүүдийг аварсны дараа Испанийн Астуриас мужийн нийгмийн халамжийн байгууллагын асрамжид шилжүүлж, эмч болон сэтгэл зүйчдийн хяналтад авчээ. Тэдний хувьд гадаах орчинтой танилцах нь хүртэл ер бусын туршлага байсан бөгөөд өвсөн дээр хүрч үзэх, эмгэн хумс харах зэрэг энгийн зүйлд гайхан алмайрч байсан тухай цагдаа нарын мэдээлэлд дурдсан байна. 

Хүүхдүүдийн эцэг, эх анх 2025 оны дөрөвдүгээр сард баривчлагдсан бөгөөд 2026 оны тавдугаар сарын 11-нд анхан шатны шүүхээс тус бүр 2 жил 10 сарын хорих ял сонссон юм. Шүүх тэднийг гэр бүлийн хүрээнд сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдсэн, хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй гэж үзэж, хүүхэд тус бүрд 30 мянган еврогийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэжээ. 

Гэвч долдугаар сард Астуриасын Дээд шүүх давж заалдах гомдлыг хэлэлцээд, сэтгэл зүйн хүчирхийллийн зүйл ангиар яллах хангалттай үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн уг ялыг хүчингүй болгож, зөвхөн гэр бүлээ орхигдуулсан хэрэгт ногдуулсан зургаан сарын хорих ялыг хэвээр үлдээсэн байна. Шүүх хүүхдүүдийг сургуульд хамруулаагүй, бусадтай харилцах боломжийг нь хязгаарласан үйлдлийг эцэг, эхийн үүргээ ноцтой зөрчсөн гэж дүгнэжээ. 

Үүний дараа эцэг, эхийг долдугаар сарын 14-нд сулласан ч хүүхдүүдийг буцаан тэдний асрамжид өгөөгүй байна. Долдугаар сарын 30-нд шүүхээс хүүхдүүдийг төрийн асрамжид үргэлжлүүлэн байлгаж, эцэг, эхтэй нь мэргэжилтнүүдийн хяналт дор долоо хоногт нэг удаа уулзуулах, мөн долоо хоногт хоёр удаа утсаар эсвэл дүрст дуудлагаар харилцуулах шийдвэр гаргажээ. 

Харин энэ хэргийн хууль зүйн маргаан үүгээр дуусаагүй. Испанийн прокурорын байгууллага 2026 оны есдүгээр сард Дээд шүүхэд кассацийн гомдол гаргаж, эцэг, эхийг сэтгэл зүйн хүчирхийлэл болон хууль бусаар эрх чөлөөг нь хязгаарласан хэрэгт дахин буруутгах үндэслэл бий гэж үзсэн байна. Иймээс давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцэслэн хүчин төгөлдөр болоогүй байгаа юм. 

Хүүхдүүдийн цаашдын амьдрал, сэтгэл зүйн нөхөн сэргэлтэд онцгой анхаарах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Олон жилийн турш боловсрол, эрүүл мэндийн хяналт, нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан тэднийг насанд нь тохирсон орчинд дасгах, суралцах боломжийг нь сэргээх, бусадтай харилцах чадварыг хөгжүүлэхэд сэтгэл зүйчид болон нийгмийн ажилтнууд үргэлжлүүлэн ажиллаж байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.