dobu.mndobu

"Цэрэг-Эх оронч үзэл" сэдэвт уулзалт боллоо

"Цэрэг-Эх оронч үзэл" сэдэвт уулзалт боллоо

Батлан хамгаалах яам, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб хамтран Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 80 жилийн ойн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад “Цэрэг эх-оронч үзэл” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.

Батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг хүүхэд залуучуудад сурталчлах, цэрэг-эх оронч үндэсний үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой тус уулзалтад Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга Ж.Лхагвасүрэн, Цэргийн штабын дарга хурандаа Б.Энхболд, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Л.Цэрэгбаяр, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Нямгэрэл, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Д.Баасанхүү болон ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн захирал Т.Нарантуяа нар оролцлоо.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга Ж.Лхагвасүрэн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсад генерал цол бий болсны 80 жилийн ойн мэндийг бригадын генерал Ж.Болдбаатарт хүргэж, Чингэлтэй дүүргийн хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх уулзалт зохион байгуулж байгаад дүүргийн нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлэв.

1944 оны 4 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд анх “Генерал” цол олгосон байдаг. Эдгээр генералууд эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрх, аюулгүй байдлын төлөө эрэлхэг дайчидтайгаа хамтран зүтгэж ирсэн цэргийн жанжид төдийгүй тухайн үед өндөр боловсрол эзэмшиж, нийгэмд танигдсан шилдэг сэхээтний төлөөлөл байсан гэдгийг дүүргийн ЗДТГ-ын дарга Ж.Лхагвасүрэн онцоллоо. Түүнчлэн 24 дүгээр сургуулийн сурагчдын Чингэлтэй дүүрэг болон нийслэлийн хэмжээнд үзүүлсэн урлаг, спорт, сурлага хөдөлмөрийн амжилтуудыг дурдсан юм.

Мөн бригадын генерал Ж.Болдбаатар Батлан хамгаалах яамны бодлого, үйл ажиллагааг танилцуулж “Цэрэг-эх оронч үзэл” сэдвээр лекц уншлаа. Тэрээр эх орон газар шороогоо хайрлан хамгаалах, ард түмнийхээ ёс уламжлал зан заншлаа дээдлэн хүндэтгэх, эх хэл бичиг соёл, урлаг, түүхээ түгээн дэлгэрүүлэх, бүтээлч хөдөлмөрч байж улсаа хөгжүүлэх зэрэг өргөн агуулгаар мэдээлэл өгсөн нь сурагчдын талархлыг хүртэв.

Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн захирал Т.Нарантуяа цаг үеэ мэдэрсэн, ач холбогдолтой уулзалт болсонд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж, дурсгалын зүйл гардууллаа.

Энэ үеэр ЦДБЭЧ-ын гоцлол дуучин МУГЖ Б.Батбаатар ая дууны мэнд двшүүлж, тус сургуулийн сурагчдын урлагийн тоглолт болов.

Хуваалцах:

|
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

5 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД

Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД

4 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.